ХУДАЛДААНЫ ДАЙН ДААМЖРАВ: БНХАУ-Д НОГДОЖ БУЙ 104%

ХУДАЛДААНЫ ДАЙН ДААМЖРАВ: БНХАУ-Д НОГДОЖ БУЙ 104%

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах 104 хувийн татвар лхагва гарагаас (2024-04-09) хэрэгжиж эхэлнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлого БНХАУ-ыг голчлон онилж байгаа нь худалдааны дайныг улам гүнзгийрүүлж байна. Дэлхийд эдийн засгаараа нэг, хоёрдугаарт эрэмблэгдэх эдийн засагтай их гүрнүүдийн  зөрчил даамжирч буй нь хөрөнгийн биржүүдэд шуурга дэгдээж хувьцааны ханш савлаж байна.

Лхагва гарагийн өглөө Уолл Стрит болон Азийн хөрөнгийн биржүүдийн уналт гүнзгийрэв. Тухайлбал Японы Nikkei 225 3%-иар буурч, Австралийн жишиг ASX 200 индекс 1%-иар буурсан байна.

ЯАГААД БНХАУ ГЭЖ?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 104 хувийн гаалийн татвар ногдуулж буй нь хэд хэдэн шалтгаантай.

-Төрийн дэмжлэгтэй компаниудаар дамжуулан зах зээлийг гажуудуулдаг

 -Гадаадын компаниудын технологийг хууль бусаар шаарддаг

-Оюуны өмчийг зөрчдөг нь хамгийн том шалтгаан гэж Дональд Трамп тайлбарлаж байна.

АНУ жил бүр БНХАУ-тай хийх худалдаанаас 500 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг. Мөн АНУ-ын олон үйлдвэр, ажлын байр БНХАУ руу шилжсэн нь дотоодын зах зээл дэх ажилгүйдлийг нэмэгдүүлсэн гэж Дональд Трамп үздэг. Иймээс БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж дотоодын зах зээлээ дэмжих ёстой гэсэн байр суурьтай байна.

БНХАУ-ЫГ ОНИЛСОН БОДЛОГО

Дональд Трамп тангараг өргөсөнөөсөө хойш АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах, тэнцвэржүүлэх ажлыг эхлүүлсэн байдаг. Ингээд 2025 оны 2-р сард Дональд Трампын засаг захиргаа дэлхийн бүх улс орнуудаас импортлох бараа бүтээгдэхүнд 10- аас дээш хувийн татвар ногдуулж, ялангуяа алдагдал өндөртэй түнш орнууддаа 10-74 хувийн татвар ногдуулсан юм.  Улс орон бүрд ногдуулж буй импортын татвар харилцан адилгүй. Гэвч Дональд Трампын БНХАУ-тай харилцах худалдааны харилцаа улам тогтворгүй болж эхэллээ.

Худалдааны дайн 2018 оноос эхлэлтэй. Тодруулбал Дональд Трамп өөрийн анхны бүрэн эрхийн хугацаандаа БНХАУ-тай худалдааны дайн эхлүүлж тус улсын бараа бүтээгдэхүүнд 20 хүртлэх хувийн татвар ногдуулсан юм. Харин тэрээр хоёрдох бүрэн эрхийн хугацаандаа дэлхийн бүх улсуудад татвар ногдуулахдаа  БНХАУ-д 34 хувийн татвар ногдуулсан нь БНХАУ-ын зүгээс импортын бараа бүтээгдэхүүнд ногдох татварыг 54 хувьд хүргэлээ. БНХАУ энэ шийдвэрийнх нь хариу болгож, АНУ-ын бараанд 34 хувийн татвар харилцан ногдуулсан нь АНУ-ын зүгээс дахин 50 хувийн нэмэлт татвар тогтоох шалтгаан болов. Ингээд БНХАУ-д ногдох нийт татварын хэмжээ 104 хувьд хүрч байна.

Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ,БНХАУ-ыг хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлыг шийднэ гэх хүлээттэй байсан ч найдлага талаар болж байна. Худалдааны дайн, хөрөнгийн зах зээлүүдийн тогтворгүй бадал дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар авчрах магадлалтай. Худалдааны дайныг үйл явцыг шинжээчид анхааралтай ажиглаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ