АНУ-ЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА ДОТООД ЧАТАА АЛДАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал мэдээллээ алдав. Тодруулбал, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба удахгүй Йеменд цохилт өгөх тухай хэлэлцэж байсан групп чатадаа улс төрийн нөлөө бүхий сэтгүүлч Жеффри Голдбергийг санамсаргүй нэмжээ. “Signal” мессенжер дэх аюулгүй байдлын албаны групп чатад АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф, Цагаан ордны штабын дарга Сюзи Уайлс зэрэг Д.Трампын засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтан байжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаныхны энэ чатад санамсаргүй нэмэгдсэн “Atlantic Magazine” сэтгүүлийн ерөнхий редактор Жеффри Голдберг даваа гарагт өөрийн цахим хуудаснаа “Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Вальц намайг санамсаргүйгээр чат руугаа оруулсан бололтой” хэмээн нийтэлсэн байна.
“Signal” мессенжер дэх групп чатад үндэсний аюулгүй байдлын албаны гишүүд АНУ-ын Йеменд удахгүй өгөх томоохон цохилтын талаар хэлэлцэж, үйл ажиллагааны нарийн чухал зүйлсийг хэлэлцсэн бөгөөд үүгээ Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын баг хэрхэн ажилладаг болохыг харах боломжтой байлаа гэж сэтгүүлч Жеффри Голдберг онцолсон байна.
Мөн энэ сарын 15-ны бямба гаригт АНУ Йемен дэх Хутичуудын бай руу цохилт өгсөнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Вальц "гайхалтай ажиллагаа” гэж бичсэн байжээ.
Майкл Вальцийг сэтгэгдэл бичсэний дараа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн АНУ-ын далбаа, нударга, галын эможинүүд ар араас нь илгээцгээж нэг нэгэндээ баяр хүргэжээ.
Энэ бол АНУ-ын үндэсний болоод мэдээллийн аюулгүй байдал алдагдсан үйл явдал юм гэж Виржиниа мужийн сенатор Марк Уорнер X хуудаснаа нийтэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ