ЕВРОП АНУ-ААС ХАРААТ БУС ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

Европын холбооны гол улс орнууд бүс нутгийн аюулгүй байдлыг АНУ-ын шууд оролцоогүйгээр хангах стратегийн шинэ төлөвлөгөө боловсруулж байна. Энэ хүрээнд Европын холбооны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, зэвсэгт хүчин, тагнуул, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын хэлэлцээрүүдийг эрчимжүүлэхээр ажиллаж эхэлжээ.
Герман Франц улсууд аюулгүй байдлын шилжилтийг ирэх таван жилийн дотор эхлүүлж, арав орчим жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлэхээр тооцоолж байна. Өмнө нь Европын Холбооны гишүүн орнуудын аюулгүй байдал үндсэндээ НАТО-гийн хүрээнд, АНУ-ын цэрэг, технологийн дэмжлэгтэйгээр хангагдаж ирсэн байдаг.
Ийнхүү Европын холбоо ирээдүйд АНУ-аас батлан хамгаалах салбарын хараат байдлыг багасгах нь стратегийн зорилт нь болоод байна. Учир нь АНУ-ын гадаад бодлого өөрчлөгдөж Орос-Украины дайныг Оросын талд ашигтай байдлаар шийдэх төлөвтэй байгаа нь Европын аюулгүй байдалд эрсдэлж учруулж байна гэжээ.
Одоогийн байдлаар Европын холбооны улсууд батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэх, цэргийн бие даасан ажиллагааг сайжруулах, хамтын ажиллагааны шинэ механизм бий болгох чиглэлд анхааран ажиллаж байна. Мөн түүнчлэн стратегийн гол түншүүдтэйгээ буюу Их Британи, Канад, Япон зэрэг улсуудтай батлан хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөө яригдаж байна.
Европ батлан хамгаалах салбарт бие даасан байдлаа нэмэгдүүлэх, АНУ-аас хараат бус бодлого хэрэгжлүүлж буй нь дэлхийн хүчний тэнцвэрт байдалд томоохон өөрчлөлт болж байна. Мөн цаашлаад Европ-АНУ-ын харилцаанд өөр шатанд шилжиж болзошгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ