УУЛ УУРХАЙ ТӨДИЙЛӨН ХӨГЖӨӨГҮЙ АЙМГУУДАД МАЛЫН ГАЖ ТӨРӨЛТ ДАВАМГАЙЛЖ БАЙНА

УУЛ УУРХАЙ ТӨДИЙЛӨН ХӨГЖӨӨГҮЙ АЙМГУУДАД МАЛЫН ГАЖ ТӨРӨЛТ ДАВАМГАЙЛЖ БАЙНА

Уул уурхай төдийлөн хөгжөөгүй аймгуудад малын гаж төрөлт давамгайлж байна.

Мал төллөх цаг айсуй. Яг энэ үетэй давхцаад гажиг малын асуудал сөхөгдөх болоод хэдэн жилийн нүүр үзэв. Тэр дундаа уг үзэгдэл зөвхөн уул уурхай хөгжсөн аймаг эсвэл ураны хайгуул хийж буй Дорноговь зэрэг аймагт л тохиолддог мэт ойлголт нийгэмд бий болжээ.

Тэгвэл харин эсрэгээрээ Монголын баруун аймгуудад малын гажиг төрөлт бусад орон нутгаас илүү олон бүртгэгдсэнийг мэргэжлийн байгууллагын судалгаа харуулав. Хэдийгээр Монгол орны хангайн бүс зонхилсон баруун аймгууд өвс ургамал халиурсан таатай уур амьсгалтай ч эрдсийн элементийн хэмжээ нь зарим газраа дутагдалтай байдаг нь ийнхүү малын гажиг төрөлтийн бас нэгэн шалтгаан болжээ. Харин хамгийн их адлуулдаг Дорноговь аймаг малын ургийн гаж төрөлтийн тохиолдлоороо аймгууд дундаа 11 дүгээрт бичигдсэн бол сүүлийн үед мөн энэ талаар нэлээд их яригдаж буй Ховд аймаг 17-рт байна.

Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо Улаанбаатар хот болон 18 аймаг дахь 1,006 мал эмнэлгийн нэгжүүдийн 81.4%-ийг нь хамруулж, 20 асуултад хариулт авах байдлаар малд тохиолдож байгаа төрөлхийн болон олдмол гаж хөгжил, эрхтэн, тогтолцооны гажигтай төл малын дээрх судалгааг хийдэг байна.

Малын гаж төрөлт хамгийн их бүртгэгдсэн эхний 5 аймаг нь Архангай, Төв, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий буюу уул уурхай төдийлөн хөгжөөгүй аймгууд байгаа нь анхаарал татаж байна.

Тухайлбал, Архангай аймаг алтны 2, Завхан 1 уурхайтай бол Дундговь аймаг 17 уурхайтай байна. Гэсэн хэдий ч Дундговь аймагт бүртгэгдсэн ургийн гаж хөгжлийн тохиолдол ердөө 7 буюу нийт аймгуудаас 16-д жагсаж байна.

Эндээс малын  гажиг төрөлт бараг байхгүй гэж бодохоор аймгуудад илүүтэй байгаа бөгөөд уул уурхай гол шалтгаан биш болох нь харагдаж байна. Тэр дундаа ураныг иргэд хамгийн ихээр харддаг.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 131 дүгээр тушаалаар томилогдож, малын гажигтай холбоотой асуудалд, иргэдийн эрүүл мэндэд үнэхээр уран нөлөөлж байгаа эсэхийг судлах ажлын хэсэгт БОАЖЯ, МХЕГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хими, химийн технологийн хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Геологийн төв лабораторийн мэргэжилтэн, мэргэжлийн судлаачид, эрдэмтэд оролцоод “нөлөөлөл байхгүй” гэсэн дүгнэлтийг мөн гаргаж Засгийн газарт танилцуулсан байдаг.

Монголчуудыг үе үе бухимдуулж, талцуулдаг малын гажиг төрөлтийн шалтгааныг бэлчээрийн чанар болон цус ойртолттой холбоотой гэсэн үр дүн судалгаагаар гарчээ.

Улсын хэмжээнд 2024 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдсон байна. Гэвч манай улсын бэлчээр 25 сая мал тэжээх экологийн чадавхтайг мэргэжлийн судалгааны байгууллагын судалгаа болон мэргэжилтнүүд хэлдэг.

Монгол орны нийт газар нутгийн 70 хувь буюу 110 сая га газрыг малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг. Гэтэл хамгийн сүүлийн үеийн судалгааны дүгнэлтээс үзэхэд бэлчээрийн 65 хувь нь талхагдалд өртсөн байна. “Бэлчээрийн даацыг олон жилээр ийнхүү хэтрүүлэн хэрэглэснээр бэлчээр тахлагдахаас гадна байнгын өлөн зэлмүүн байдал нь малын үржил шимд муугаар нөлөөлж байна” хэмээн сүүлийн 20-оод жил бэлчээрийн менежментийн талаар судалсан Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн менежер Ц.Энх-Амгалан хэвлэлд ярьжээ. Өөрөөр хэлбэл, мал шаардлагатай шим тэжээлээ бэлчээрээс бүрэн авч чадахаа больсон гэсэн үг. Нэг ёсондоо бэлчээрийн даац, ургамлын шим тэжээл явсаар явсаар малын гажиг өвчлөлд хүртэл нөлөө үзүүлэх болсныг Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршооны уг судалгаа бас харуулсан байна билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгүүлч захиалгаар мэдээ бичиж:
Монгол орныг тэр чигт нь улаан шороо хийссэн ухаж төнхсөн гадарга болгоно гэсэн бодлого хэрэгжүүлж хүмүүсийн тархи угаана гэж бодож бичжээ
2025-03-22
Зочин:
Мөн хуцав аа
2025-03-22