УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа эхэлж, хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ “гоё” нэр дэвшигчид, “сайхан” үгсээр дүүрчээ. Унтаж байсан “баатрууд” гэнэт сэрж, Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний сайн сайхны төлөө амиа өгөхөөс буцахгүй хэмээн амалж байна.
Харамсалтай нь өнгөрсөн он жилүүдэд амьдралын чанар нь сайжраагүй, орлого нь сохор зоосоор нэмэгдээгүй ард түмэнд “гоё” нэр дэвшигчдийн “сайхан” үгс бөөлжис цутгам сонсогдож, ой гутмаар уншигдаж байгаа. Амьдрал нь өдөр өдрөөр уруудаж, ядуусын эгнээнд тулсан иргэдэд УИХ-ын гишүүн болохын төлөө зүтгэгсдийн инээмсэглэл долигнол болон харагдаж, үгс нь худал хуурмаг басамжлал мэт сонсогдож байгаа нь мэдээж.
ҮСХ, Дэлхийн банктай хамтран Монгол Улсын ядуурлын түвшинг 2022 оны байдлаар тооцож, Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу 914 200 хүн нэн ядуу амьдарч байгааг мэдээлж байв. Нэмээд 346 400 иргэн ядуурал руу халтирахад бэлэн, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа.
Улаанбаатар хотод гэхэд нийт хүн амын 37 хувь буюу 514 200 иргэн ядуу. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 5 хүн тутмын 2 нь ядуу амьдарч байна.
Ингэж ядуусын тоо нэмэгдэж, ядуурлын хүрээ тэлсээр байхад эдийн засаг өссөн тухай яриа хий дэмий цуурайнаас цаашгүй. Ядуурлын ангал руу унасан иргэнд сонгууль болох эсэх нь, хэн нэр дэвших нь огт падгүй, энэ тухай сонсохыг ч хүсэхгүй. Тэд зөвхөн өнөөдөр, маргаашийн өл залгах хоолны тухай л бодож байгаа.
Тэр тусмаа ингэтлээ туйлдсан иргэдэд “Багаар нь сонгоё”, “Багаар нь дэмжье” гэсэн уриа балиар сонсогдох нь аргагүй.
Багаар нь дэмжиж, сонгоод юу ч өөрчлөгдөөгүй, харин ч ядуурал тэлэгдэж, ядуусын тоо нэмэгдсэн. Одоо дахиад багаар нь дэмжихээр юу өөрчлөгдөх юм бэ. Дахиад багаараа идэж ууж, энэ улсыг цөлмөж, иргэдийн боломжийг илүү ихээр хулгайлах уу?
Хийх бүрэн боломж байхад хийгээгүй бүхнээ хийнэ хэмээн амалж, ширэн нүүрлэх эрх байхгүй, та нарт.
Иргэдийн цалин цаас болж, худалдан авах чадвар шалан дээр хэвтэж байна, энэ улстөрчдийн гавьяа, ард түмний ял уу?!
С.Баяр