УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Сүүлийн үед, сонгуулийн өмнө айдас бий болгож байна. Бизнесийнхнийг барьж хорьдог, дансыг нь хаадаг юм яваад эхэллээ.
Бизнесийн эрхлэгчдийг улс төртэй, намтай, даргатай хамтар, үгүй бол бизнесийг чинь хаана гэдэг дарамт шахалт явж байна.
Өнгөрсөн гурван жилд бизнес эрхлэгчдийг шулж амьдарлаа. Сүүлийн 3 жилд ААН, иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн байна. Манай улсын орлогын 92.9 хувь нь зөвхөн татварын орлого байгаа. Бизнесийнхныг шулж амьдарчихаад яагаад дарамтлаад байдаг юм бэ. Үүнийгээ болих хэрэгтэй.
Бас сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулж байна. Хаалтын гэрээ хий, үгүй бол барьж хорьдог. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн улсын нууцад хамаарахыг хаалттай хийгээд бусдыг нээлттэй хийхийг шаардаж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.