Дундговь аймгийн Засаг дарга, УИХ-ын 2024 оны сонгуулийн VII тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөгөвь аймагт АН-аас нэр дэвшигч Цагаанхүүгийн Мөнхбат төсвийн хөрөнгийг дэмжлэг нэрээр тараажээ.
Тэрбээр өнгөрсөн жилийн улсын наадмаар аймгийнхаа нэрийг гаргасан уяач, бөхчүүд, харваачид хүндэтгэл үзүүлж, дэмжлэг үзүүлж байгаа нэрээр тус бүрт нь 10 сая төгрөг тараасан байна.
Тухайлбал, даян мэргэн Ө.Хатанболор, Улсын өсөх идэр начин Э.Даш, аймгийн алдарт уяач Э.Улаанхүү, Улсын хошой мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай шагайн харвааны баг, Г.Тогтохбүрэн ахлагчтай ахмадын шагайн харвааны багт тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Төсвийн нийт 50 сая төгрөгийг урамшуулалд зарцуулжээ.
Нутаг орныхоо нэрийг гаргасан алдартнуудаа урамшуулж, дэмжихийг буруутгасангүй. Гэхдээ өнгөрсөн жилийн наадмын алдартнуудаа бүтэн жилийн дараа, бүр сонгуулийн өмнө урамшуулж байгаа нь “сонгуулиар намайг дэмжээрэй” гэсэн улс төр болж харагдаад байна. Яагаад наадмын дараа, тухайн үед нь урамшуулж болоогүй юм бэ, Ц.Мөнхбат дарга аа?