Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн төлөөллийн гол байгууллага бол Танхим. Хувийн хэвшлийн дуу хоолой болсон Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон хаврыг үзэж байгаа. Тэгвэл энэ удаагийн парламент хэлэлцэх нь тодорхой болж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Үндэсний танхимын үйл ажиллагааг өргөн хүрээнд зураглаж, гишүүнчлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах шинэ үзэл санаа тээсэн шинэчилсэн найруулгыг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар /2024.05.14/ хэлэлцэн дэмжээд байна. Удаа дараа хойшилж, хойшлуулж таарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын чуулганы босгыг давж, эдийн засаг, бизнесийн орчинд шинэ цикль эхлэх нь. Хувийн хэвшлийн шинэ “үндсэн хууль” нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга болох төдийгүй олон жил яригдсан асуудлууд үүгээр шийдэгдэх юм. Тэрчлэн олон улсын танхимуудын сайн туршлага, ололтыг Монголын Танхим нэвтрүүлэх, тусгалаа олох нь эрх зүйн орчныг дагаж бүрдэх учиртай. Тиймээс хувийн хэвшил, бизнес эрхлэгчид хамгийн ихээр анхаарал хандуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг багтаасан төсөл санаачлагчийн илтгэлийг өчигдөр танилцуулсан юм. Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс ч Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга, үүгээр дамжуулан бизнесийн орчинд “шинэ сэргэлт”-ийг бий болгохыг хүсэж, зорьж буй. Өнөө хүчин төгөлдөр үйлчилж буй Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталсан бөгөөд эдийн засаг, бизнес хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж буй энэ орчин нөхцөлд Танхим зохицон ажиллах, аж ахуйн нэгж, байгууллагуудыг төлөөлөх чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгаа. Энэ байдал нь хуулиа боловсронгуй болгох үндсэн шаардлага болж байгаа гэдгийг Б.Энхбаяр сайд тодотгоно лээ. Уг шаардлагаас гадна олон улсын сайн туршлага ч хууль эрх зүйн орчноо эргэн харах, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоог сайжруулах, чиг үүргийг шинээр тодорхойлох, төрийн шийдвэр гаргах ажиллагаанд бизнес эрхлэгчдийн оролцоог хангахтай холбоотой зохицуулалтыг төсөлд тусгаж өгсөн нь шинэлэг байна.
Уншиж байна |