Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс өнөөдөр /2024.05.08/ мэдээлэл хийлээ.
Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Мөнхбаяр “Засгийн газар 2012 онд 116 дугаар тогтоол гаргаж, 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцааг нэг сая төгрөгөөр худалдан авсан. Тэр үед иргэд хувьцааны үнэ цэнийг огт мэдээгүй.
Одоогийн байдлаар Эрдэнэс Тавантолгой ХК 1027 хувьцааны ногдол ашигт 500 орчим мянган төгрөгийг тараагаад байна. Цаашид энэ компани илүү ашигтай ажиллаж, иргэдэд тараах жилийн ногдол ашиг нэг сая төгрөгөөс дээш болно.
Тиймээс бид нэг төгрөгөөр худалдаж авсан хувьцаагаа иргэдэд буцааж олгохыг Засгийн газар, УИХ-д санал болгож байна. Иргэдэд олгосон сая төгрөгөө жил бүрийн ногдол ашгаас бага багаар суутгаж, буцаан авах саналыг тавьж байна” хэмээн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг бүх иргэдэд тараахыг уриаллаа.
Эдийн засагч Х.Батсуурь “Өнөөдөр сая орчим иргэн 1072 хувьцаагаа бүтэн, эсвэл талыг нь алдчихсан байна. 1072 хувьцаа бол “чулуу” болох үнэ цэнэтэй баялаг атал төр засаг үнэ цэнийг нь нуун дарагдуулж, сая төгрөгөөр хямд буцааж авсан. Сая төгрөгөөр буцааж авахдаа “Эх орны хишиг” гэж нэрлээд улс төрийн зорилгоор ашигласан. Тиймээс хувьцаагүй эсвэл тал хувьцаатай байгаа иргэд хувьцаагаа бүрэн гүйцэд авах ёстой. Мөн өвлүүлэх учиртай. Ийм эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.