Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт болон Ш.Энхжаргал нарыг хууль бус газар олгосон хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж өнгөрсөн онд цагдан хорьсон. Тэгвэл сэжигтэн Х.Нэхийтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд гомдол гаргаснаар цагдан хорих ангиас суллагдсан байдаг. Мөн шүүхээс хилээр гарахыг хориглосон байгаа.
Хэргийг сануулахад, Засаг дарга асан Х.Нэхийт нар нь хууль бусаар БНХАУ-ын компаниудад өндөр үнээр газар эзэмшүүлсэн хэргээр 2023 оны арванхоёрдугаар сард цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/315 тоот захирамжаар “Аз хур трэйвэл” ХХК-д 4601010483 нэгж талбарын дугаар бүхий, гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай Ханбогд сум, Номгон баг, Цагаан хаданд газар эзэмшүүлэх, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/364 дугаартай захирамжаар “Сан Арвитай” ХХК-д 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр А/295 дугаартай захирамжаар “Лилия гарден” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010471 дугаартай 10 га газрыг эзэмшүүлсэн хэрэгт буруутгагдаж авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа билээ.
Тэгвэл түүнд холбогдох албан тушаалын хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.