Хөгжлийн банкны гэх тодотголтой олон хавтаст хэрэгт холбогдох шүүх хурал дуусч, Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр олон нийтэд танилцуулж байна.
Шүүх хурлаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон байсан. Тэгвэл хэргийг дахин шалгаж үзэж, шүүхээр хэлэлцэх шаардлагатай гэж Давж заалдах шатны шүүхийн шүүгчид үзсэн байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг анхан шатны шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ "Хөгжлийн банкны асуудлыг огт мэдэхгүй. Хохирол барагдуулна гээд байр, машин хураан авсан "гахай явган нохой нүцгэн" гэдэг шиг л явж байна. 2022 оны 4-р сарын 2-нд АТГ-т дуудсан. Надаас өмнө нь нэг ч мэдүүлэг авалгүйгээр шууд яллагдагчаар татсан. Тэгээд АТГ-д арав гаруй удаа биечлэн очиж бичгээр болон аман мэдүүлэг өгч, шаардлагыг биелүүлэн оролцож байв. Дархан хэргэм зэргээр бус жирийн иргэн хүнийхээ хувьд хэрэгт хандаж байв. Сүрхий дарамтад оруулдаг юм байна лээ" гэсэн юм.