Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх сарын 01-нээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргалаа. Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөв.
Тэрбээр “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаагчийн тэтгэврийн хэмжээг 2024.04.01-ний өдрөөс эхлэн 100 000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ нэмэгдэлд 449.3 тэрбум төгрөг зарцуулж, нийт 499.2 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгөөс 785.6 мянган төгрөг болно.
Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 000 төгрөгөөс 100 000 төгрөгөөр адилхан нэмэгдэнэ.
Халамжийн тэтгэвэр нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 65.6 мянган хүн халамжийн тэтгэвэр авдаг. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг.
Нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 04 дүгээр сарын 01-нээс 50 000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Ингэснээр 375 000 төгрөг болох юм" гэсэн мэдээллийг өглөө.