Хууль хяналтын байгууллагын хууль бус үйлдэл, эрүүдэн шүүлтийн талаар Гаалийн байгууллагад ажиллаж байсан Б.Оюундэлгэр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би гаалийн байгууллагад 1999 оноос шалгагчаар ажиллаж эхлээд 2015.04-09 сард Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар томилогдон ажилласан. 2015.11 сард Сургалт судалгааны захирлаар томилогдож, ээлжийн амралттай гэртээ байхад АТГ-аас хоёр хүн ирж, тодруулах зүйл байна гээд АТГ-т аваачсан. Энэ мөчөөс хэлмэгдэлтийн хүнд, хэцүү найман жил эхэлсэн.
Намайг Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа хоёр хүнийг сэлгэн томилох явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан гэмт хэрэгт буруутгаж, тэр даруйдаа ажлаас түдгэлзүүлж, хилийн хориг тавьсан. Найман жил шалгасны эцэст шүүхээс гэм буруутай гэж тооцлоо. Маш их харамсаж байна.
Би хууль бус үйлдэл огт хийгээгүй, хэнд ч давуу байдал олгоогүй. Харин захиалгаар гэмт хэрэгтэн болж, найман жил явсан.
Намайг АТГ-т аваачихдаа өмгөөлөгч авахуулахгүй, хууль сануулаагүй. Энгийн хувцастай хүмүүс нүүрэнд камер тулгаж, өөрсдийнхөө хэлж өгсөн үг, өгүүлбэрийг хэлэхийг тулган шаардаж, айлган сүрдүүлсэн. Зориулалтын бус өрөөнд байлгаж, нунтаг цагаан зүйл уулгаснаас болж толгой маш их өвдсөн хямралтай үед өөрсдийнхөө урьдчилж бэлдсэн үг, өгүүлбэрийг надаар хэлүүлсэн. Энэ нөхцөлд мөрдөгч нь оролцохгүй, комиссарууд бичлэг хийж, хууль бус аргаар намайг яллаж, найман жил болж байна.
Хүнийг 16 цаг ямар ч хоол ундгүй эрүүдэн шүүж, захиалгаар хэрэг тохсон" гэсэн мэдээллийг өгч, өөрийг нь эрүүдэн шүүсэн АТГ-ын комиссаруудыг нэрлэлээ.
Хууль сануулахгүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй хүн бол АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвой
Нүүрэнд тулгаж бичлэг хийж, энд тэнд дагуулсан явсан хүн нь Т.Баярхүү. Энэ хүн одоо УОК-ын нарийн бичгийн даргаар ажилладаг.
Үг зааж өгч, хэлэхгүй бол хорино гэж сүрдүүлсэн нь А.Дөлгөөн гэдэг хүн байсныг тэрбээр хэллээ.
Мөн тэрбээр "Найм хоног байг гэхэд 8 сард шийдэгдэх асуудлыг 8 жил болгож, эцэст нь хууль бус баримтаар намайг гэм буруутайд тооцож, яллаж байна. Намайг эрүүдэн шүүж авсан мэдүүлгээрээ л ялласан. Тэр мэдүүлгээ бусад баримтаар нотлогдсон мэт хуурамч нөхцөлийг бий болгосон.
Гаалийн Ерөнхий газрын албан тоотууд, миний ажлын байрны тодорхойлолт зэрэг бүх баримт байхад тоодоггүй, сонсдоггүй.
АТГ-т мэдээлэл очсон гэдэг. Тухайн мэдээллийнх нь талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Гүйцэтгэх ажиллагааны үр дүнгийн баримт, эд зүйлд үзлэг хийсэн баримт, шүүх шинжилгээний дүгнэлтээр гэмт хэрэг хийсэн нь нотлогддог гэдэг. Гэтэл тийм баримт байхгүй, хоорондоо үг үсгийн зөрүүтэй, ямар ч нотолгоогүй. Илт хууль зөрчсөн байхад прокурор яллаж, шүүх гэм буруутайд тооцож байгаа нь тэднийг сүлбэлдсэн сүлбээнийхэн гэж ойлгож байна.
Шүүхэд итгэж, найман жил дуугараагүй. Гэтэл шүүх өмгөөлүүлэхгүй эрхийг маань эдлүүлэхгүй, Пүрэвлхам өмгөөлөгчийг урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулахгүй байна. Шүүх хүртэл хүнийг боомилж, баримт яриулахгүй яллаж байна" хэмээн энэ нөхцөл байдалд маш их харамсаж буйгаа илэрхийлэв.
Энэ 2015.11.24-нд үүсэж, 2023.05.03-нд шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ.