Сарын өмнө болсон нүүрсний сонсголын үеэр яригдсан асуудлаар Өмнөговийн залуус өнөөдөр хариуцлага нэхлээ. Нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймгийн газар нутаг зарагдсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь компани байгуулж, орон нутгийн өмчит Тавантолгойгоос нүүрс зөөдөг гэхчлэнгээр ноцтой олон асуудал яригдахад Өмнөговийнхон дуугараагүй. Өөрсдийнх нь өмчилдөг газарт, эзэмшдэг компанид нь хэдхэн хүн эзэн суусан баримт дэлгэгдэхэд чимээгүй байсан Өмнөговийн залуус өнөөдөр хэвлэлийн хурал хийж, эзэн биегүй хариуцлага нэхэж байна.
Тэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөө хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн хөрөнгө мөнгөтэй хүмүүс болсныг одоо мэдэж байгаа гэнэ. Тиймээс “Хувийн эрх ашгийн төлөө, орон нутгийн Тавантолгойгоос нүүрс зөөж, тэндээс хэдэн тэрбум төгрөгийн ашиг олохын төлөө төлөөлөгч болдог юм уу” гэж аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчдөөс асууж байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ямар эрх ашгийн төлөө, хэрхэн ажилладаг нь нүүрсний сонсголын үеэр тов тодорхой болсон. Иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө дуугарах ёстой төлөөлөгчид хамтарсан компани байгуулж, нүүрс зөөж байгаа нь ч ил болсон. Өмнөговийн залуус сонсголтой зэрэгцээд төлөөлөгчдөөсөө хариуцлага нэхэж, үнэн мөнийг шаардах учиртай байв. Гэвч чимээгүй байсан тэд гэнэт нойрноос сэрж, хэл оржээ. Ниргэсэн хойно нь хашгирахад хэнд ч сонсогдохгүй.
Б.Хэрлэн
Уншиж байна |