Милан хотоос гаралтай итали эр, Isaia компанийн борлуулалт хариуцсан захирал Энцо Магарачи fashion бизнесийн салбарт удаан ажиллаж байгаагийн дээр албан хэргийн томилолтоор дэлхийн олон орноор аялдаг нэгэн. Түүний ажлын талбар нь Еврази тэр чигтээ. Түүний ажилд Монгол ч чухал байр суурь эзэлнэ. Тэр анх 2016 онд эрчүүдийн дээд зэрэглэлийн хувцасны дэлгүүр нээх ажлаар Монголд ирж байжээ. Тэр үеэс хойш Монгол руу байнга ирдэг болсон байна. Энцо Магарачи Оросын сэтгүүлч, зохиолч Ольга Тамайод Монгол орны тухай, хүмүүсийн тухай сэтгэгдлээ хуваалцжээ.
Ноён Магарачигийн өгүүлснээр, Азийн бусад орныхонтой харицлахаас илүү монголчуудтай ажиллах хялбар байдаг гэнэ.
“Монголд Азиас илүү Европ менталитет ажиглагддаг. Улаанбаатарын түншүүд эсвэл үйлчлүүлэгчидтэй ойлголцох нь Бээжингийн түншүүдтэй ойлголцохоос хамаагүй хялбар” хэмээн Магарачи өгүүлжээ.
Хэдийгээр Монголын нийгэм уламжлалаа хадгалан үлдсэн ч бусад хөрш орнуудаасаа илүү Европ хэв маягтай, бүхий л шинэлэг зүйлсэд нээлттэй байдгаараа ихээхэн анхаарал татдаг гэнэ.
Монголчууд үндэсний хувцас болох дээлээ ихээхэн өмсдөг, мөн эрчүүдийн ихэнх нь нүүдэлчид шиг харагддаг гэж зарим гадаадын иргэн үздэг. Гэхдээ чухамхүү энд л гар урлалын эрэгтэй хувцасны эрэлт үүссэн юм. Энцо Магарачигийн өгүүлснээр, онцгой, үнтэй хувцасны дэлгүүр нээх нь ихээхэн сорилт мэт анхандаа санагдаж байжээ. Учир нь Монголын загварын зах зээлийн талаар төдийлөн мэддэггүй байж. Харин энд ирээд үнэ цэнийг эрхэмлэгч хүмүүсийн хүрээ хэдийнэ тогтсон байсныг олж харсан гэнэ. Ингэж л гар урлалын итали хувцас Улаанбаатарт байр сууриа олж, харин Монгол Улс Итали бизнесмений зүрхэнд өөрийн гэсэн орон зайгаа олсон аж.
“Анх долоо, наймдугаар сард, зун Монголтой танилцсан. Нийслэлд ч, хөдөөд ч бүх л зүйл үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Үүний зэрэгцээ дулаан цаг агаарыг гайхамшиг, хосгүй үзэгдэл мэт үнэлж, мэдрэмжтэй ханддаг нутгийн иргэдийн мэдрэмжийг харах үнэхээр сонин байлаа. Италичуудын хувьд ердийн мэт санагдах зүйлс энд өвөрмөц санагдана" хэмээн Энцо өгүүлсэн юм.
Энцо Магаричигийн хувьд Монголд ирсний дараа төрсөн анхны сэтгэгдэл маш эерэг байсан гэнэ. Мөн монголчуудын хэв маяг барууныхтай төстэй санагдсан хэмээн ярьсан юм.
"Надад төрсөн анхны сэтгэгдэл маш эерэг. Эндээс маш их эрч хүч мэдэрсэн. Монголд надтай уулзсан хүмүүс надаас залуухан, гэхдээ тэдний хөгжим, хоол, соёлын сонирхол минийхээс огт өөр байсан нь ихээхэн сонирхол татаж, эрч хүч өгч байлаа. Загварын хувцасны зах зээлийн тухайд гэвэл Монголын хэрэглэгчийн сонирхол барууныхтай их төстэй. Эндэхийн хүмүүс Барууны ертөнцийн хүмүүстэй ижил хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Тэд өөрсдийгөө ази хүмүүс гэж нэг их боддоггүй байх"
Олон аялагч монголчуудыг эрх чөлөөтэй хүмүүс гэж онцолдог. Италийн бизнесмен ч энэ байдлыг анзаарчээ.
"Түүнчлэн, монголчууд сайн чанарын идээ ундааг эрхэмлэдэг, тэд аялах зоригтой, сонирхолтой байдаг. Монголчууд өөрсдийгөө эрх чөлөөт хүмүүс гэж мэдэрдэг нь илэрхий харагддаг, харин хятадууд бол, жишээ нь, сэтгэлгээний хувьд өөр. Ажил хэргийн тухайд гэвэл монголчууд энэ тал дээр тансаг эдлэлд дуртай. Эндэхийн бизнес хүрээллийнхэн өөртөө анхаарал тавьж, бие галбиртаа анхаарч, олон орноор аялж, дэлхий дээр байгаа хамгийн шилдэг бүхнийг, дарс, кофе, хувцас гээд л салбар бүрийн хамгийн сонгодог брэндийг эх орныхоо зах зээлд нэвтрүүлэх зорилготой байдаг"
Хаа газар л сайнтай зэрэгцээд муу чанар оршсоор л байдаг. Түүний өгүүлснээр монголчуудын архины хэрэглээ түүнийг ихэд гонсойлгосон гэнэ.
"Монголд ирээд сэтгэл гонсойсон ганцхан юм бий, энэ нь согтууруулах удааны хэрэглээ. Монголчууд тааруулж уугаагүйгээсээ болоод л сайхан үдшийг нурааж ч мэднэ. Энэ бол үнэхээр харамсалтай. Ямар ч сайхан үдэшлэг зодооноор дуусдаг гэж сонссон. Үнэн эсэхийг бүү мэд" хэмээн Энцо Магаричи ярьсан юм.
Түүнд монгол бүсгүйчүүд онцгой сэтгэгдэл төрүүлжээ.
Харин Монголд байгаа хамгийн хосгүй зүйл нь монгол эмэгтэйчүүдийн өвөрмөц зан ааш гэж боддог. Тэд маш энхрий, дэгжин, тэгсэн хэрнээ хүчтэй. Хахир хүйтэн өвөл тохиодог ийм улсад хүчтэй байхаас аргагүй байдаг байх. Монгол эмэгтэйчүүд үргэлж сайхан сэтгэлтэй, харилцахад нээлттэй, сайн найзууд болж чаддаг " хэмээн Энцо Магаричи ярьжээ.
Ярилцсан: зохиолч, сэтгүүлч Ольга Тамайо