Жил бүр шинэ жилийн баяр дөхөх үед дэлхийн олон мянган үзэгч "Гэртээ ганцаараа" киног үзэх дуртай байдгийн дээр баярын уур амьсгал оруулдаг хөгжилтэй кинонуудын нэг нь энэ кино юм. Гучин жилийн тэртээ бүтээгдсэн ч өнөө хэр эрэлттэй байдаг энэ киноны талаар Америкийн Ерөнхийлөгч асан Трамп дурсамжаа хуваалцжээ.
Тэрбээр "Гэртээ ганцаараа 2: Нью-Йоркод ганцаараа" кинон дээр туслах дүр бүтээсэн юм. Тодруулбал, киноны гол дүр Кевинд зочид буудалд зам зааж өгч байгаагаар гардаг бөгөөд энэ үзэгдэл 10 секунд үргэлжилдэг. Энэ талаараа дурсахдаа киноны найруулагч түүнийг кинонд туслах дүр бүтээхийг маш их гуйсан хэмээн Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.
"Гучин жилийн өмнө (цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна аа) найруулагч Крис Коламбус болон киноны бусад уран бүтээлчид "Гэртээ ганцаараа 2" кинонд тоглохыг надаас маш их гуйж байсан юм" хэмээн Трамп бичсэн байна.
Түүний өгүүлснээр, киноны уран бүтээлчид Трампын эзэмшиж байсан Плаза зочид буудлыг түрээслэн кино зургаа авчээ.
Тухайн үед Трамп маш завгүй, кинонд тоглох цаг зав гарахгүй байсан ч киноны уран бүтээлчид эелдгээр, шургуу гуйж байсан тул зөвшөөсөн гэж Трамп өгүүлсэн байна. Түүнчлэн Трамп кинонд туслах дүр бүтээснээр энэ кино алдартай болсон гэж Трамп өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |