АНУ, Европын холбоо Укранитай холбоотой стратегийг өөрчилж, Оросыг бүрэн ялахын оронд хамгаалах, хэлэлцээ хийхэд бэлтгэх асуудалд анхаарлаа хандуулахыг санал болгож байгаа гэнэ. Энэ талаар Америк, Европын албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар Politico мэдээлжээ.
Олон нийтийн өмнө бол Барууны байр суурь өөрчлөгдөөгүй, урьдын адил Оросын армийг Украины нутгаас бүрэн хөөхөд тусална гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хөшигний цаана, өөр асуудлыг хэлэлцэж, АНУ, ЕХ, Украины төлөөлөгчид Оросын арми давшиж буй дорнод хэсгээс Украины цэргүүдийг татах талаар ярилцаж байгаа гэж Politico сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд өгүүлжээ. Тэдний өгүүлснээр, Украины агаараас эсэргүүцэн хамгаалах хүчнийг бэхжүүлэх, бэхлэлт, танкийн эсрэг бэхлэлт байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг багтаасан стратеги боловсруулж байгаа гэнэ.
ОХУ-тай энхийн хэлэлцээ хийх эсэх талаар хэдийнэ хэлэлцэж эхэлсэн гэж АНУ-ын Конгресс дахь эх сурвалж Politico сонинд мээдэлсэн байна. Гэхдээ Байдены захиргаа улс төрийн эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзсэний улмаас "ухарч байгаа"-гаа олны өмнө зарлах боломжгүй байгаа гэж эх сурвалж онцолжээ.
Оросын түрэмгийллийн улмаас нутаг дэвсгэрийнхээ 20 хувийг алдаж, 2023 оны зун болсон сөрөх давшилтын дүнд ч алдсан нутгаа эргүүлэн авч чадаагүй Володимир Зеленский баруунаас шинэ тусламж хүссэн ч АНУ, ЕХ Украинд үзүүлэх шинэ тусламжийн багцыг олгох талаар шийдэж чадаагүй л байгаа юм. Холбоотон орнуудын тусламжгүйгээр Украины арми зэр зэвсэггүй үлдэж, эдийн засаг нь ч сөхрөх юм.
Ирэх онд Украины төсвийн хомсдол ДНБ-ий 20 хувьд хүрэх бөгөөд энэ хомсдолыг Европын тусламжаар нөхнө гэж тооцоолж байсан ч АНУ, Европ тусламжаа хэзээ өгөх нь одоогоор тодорхойгүй л байна.
Энхийн хэлэлцээрийн тухайд, Оросын тал ч сүүлийн үед энхийн хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгийг илэрхийлсэн утга бүхий мэдэгдэл хийсээр байгаа юм. Түүнчлэн Путин дипломат сувгаар дамжуулан гал зогсоох, хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэж Барууны орнуудын албан тушаалтнууд болон Кремль дэх эх сурвалжууд мэдээлэл өгсөн гэж Нью-Йорк Таймс сонин мэдээлж байлаа.
Эх сурвалжуудын өгүүлснээр, Путин Зеленскийг төрийн эрх мэдлээс буулгах урьдын шаардлагаасаа ухарсан, үүний зэрэгцээ Украины тусгаар тогтнолыг хэвээгр үлдээхэд бэлэн байгаа гэнэ. Гэхдээ 2022 оны намар ОХУ-ын нутаг дэвсгэр гэж зарласан, Украины эзлэн түрэмгийлэгдсэн нутгуудыг хяналтдаа авч үлдэх хүсэлтэй байгаа аж.
Мөн Путин эзэлсэн байршлаасаа нэг ч метр ухрахыг хүсэхгүй байгаа, гэхдээ байлдааны ажиллагаа мухардалд орсон, Украины сөрөх давшилт амжилт олоогүй, Газын зурвас дахь дайны улмаас Барууны дэмжлэг бөхөж байгаа зэрэг нь хэлэлцээ хийхэд тохиромжтой мөч гэж Путин үзэж байгаа талаар эх сурвалжууд онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |