Францын Ерөнхийлөгч жүжигчин Депардьег дэмжсэнийхээ төлөө шүүмжлэлд өртөв
2023-12-27

Эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт, хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт буруутгагдаад байгаа нэрт жүжигчин Жерар Депардьег Францын 50 урлагийн зүтгэлтэн өмгөөлөн, Депардьегийн гэм буруу шүүхээр нотлогдоогүй байхад нэр хүндэд нь халдаж, гутаан доромжлох их аян өрнөж байна гэсэн утга бүхий захидлыг сонинд хэвлүүлсэн талаар бид мэдээлсэн. 

Хүчирхийлэлд буруутгагдсан Депардьег урлагийн зүтгэлтнүүд өмгөөлжээ

Урлагийн зүтгэлтнүүдээс гадна Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч Депардьег өмгөөлж, нэрт жүжигчний эсрэг ангуучилж байна хэмээн мэдэгджээ. 

 

"Ингэж дайрч, мөшгиж байгаад намайг нэгдэнэ гэж санахын ч хэрэггүй. Тэр Франц улс, манай аугаа зохиолч, тэдний дүрүүдийг дэлхий дахинд алдаршуулсан. Франц улс энэ жүжигчнээр бахархдаг" хэмээн Эммануэль Макрон France5 сувагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. 

 

Харин түүний энэ мэдэгдэл олны шүүмжлэлийг дагуулж, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэгчдийн бухимдлыг төрүүлжээ. Тухайлбал Социалист намын дарга Оливье Фор Францын Ерөнхийлөгч Макрон сонгуулийн өмнөх амлалтаасаа зөрсөн мэдэгдэл хийж байна гэж буруутгасан байна.

 

"Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол Макрон сонгуулийн хөтөлбөртөө багтаасан гол асуудлуудын нэг. Гэтэл одоо Ерөнхийлөгч нэг ч амлалтдаа хүрэхгүй байна" хэмээн Фор мэдэгджээ.

 

Түүнчлэн Парламентын гишүүн Сандрин Руссо Францын Ерөнхийлөгч Макроны үг бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөний төлөө зогсож буй бүгдийг доромжилсон хэрэг боллоо хэмээн мэдэгдсэн байна. Мөн Generation Feministe феминист байгууллага ч Макроны үгийг доромжлол гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

Депардьегийн эсрэг чиглэсэн хэргийн тухайд, энэ сарын эхээр Францын жүжигчин Элен Даррас түүнийг 2007 онд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгасан юм. Түүнчлэн Испанийн сэтгүүлч Рут Баса ч Депардьег бэлгийн хүчирхийлэлд буруутгасан бөгөөд түүний өгүүлснээр энэ хэрэг 1995 онд болсон аж. Үүнээс өмнө, 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Францын France2  телевизээр "Нэмэлт мөрдлөгө" баримтат кино гарч, энэ кинон дээр дөрвөн эмэгтэй Депардьегийн үйлдсэн бэлгийн хүчирхийллийн талаар ярьсан бол 2023 оны дөрөвдүгээр сард өөр нэг хэвлэл 2004-2022 оны хооронд бэлгийн дарамтад өртсөн гэх 13 эмэгтэйн түүхийг нийтлэж байв.

Shuud.mn
Сонин хачин