Ажиллагаа нь доголдсон робот хүний аминд хүрсэн хэрэг саяхан Өмнөд Солонгост гарч байлаа. Үүнтэй төстэй хэрэг Америкийн Остин хотод гарсан талаар Daily Mail сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Tesla компанийн эзэмшлийн робот Giga Texas үйлдвэр дээр ажиллах үедээ эвдэрч, үйлдвэрийн ажилчин руу халдсан байна. Улмаар ажилчин нуруу болон гар хэсгийн арьс нь шалбарч, гэмтсэн гэнэ. Хэрэг гарах үед ойр байсан хоёр ажилчин "робот хамт ажилладаг хүн рүү нь дайрахад ихэд цочирдсон" хэмээн ярьжээ. Энэ робот автомашины хөнгөн цагаан эд ангийг зөөх зориулалттай аж.
Өмнө нь, 11 дүгээр сард Өмнөд Солонгост роботын ажиллагаа доголдсоны улмаас ажилчин амиа алдсан хэрэг гарч байлаа. Тодруулбал, Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хуваарилах үйлдвэрийн 40 настай ажилчин роботжуулсан машинуудыг туршилтын журмаар асаахаас өмнө тэдгээрийн мэдрэгчийг шалгах үүрэгтэй байсан аж. Ажилчин амтат чинжүүтэй хайрцагуудыг тавиур дээр ачиж, харин робот хайрцгуудыг дээш өргөн хураах ёстой байжээ. Гэтэл туршилтын үеэр техникийн алдаа гарч, робот ажилчин эрийг ногоотой хайрцаг гэж андууран, конвейрын тууз руу шахаж, нүүр болон цээжин хэсгийг нь дарсан байна. Улмаар ажилчныг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч тусламж авч чадалгүй нас баржээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |