Барууны хоригт орсноос хойш Оросын эдийн засгийн олон салбарын үйл ажиллагаа доголдсон юм. Эдгээрийн нэг нь эрчим хүчний салбар бөгөөд сүүлийн үед Оросын олон бүс нутагт эрчим хүчний шугамд осол гэмтэл гарах, эрчим хүч нийлүүлэлт тасалдах зэрэг асуудлууд ар араасаа гарч байлаа. Улмаар энэ асуудлыг шийдэх зорилгоор эрчим хүчний үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэхээр болжээ.
Тодруулбал, хэрэглээ нэмэгдэх үед эрчим хүчний үнийг нэмдэг байхыг Оросын Засгийн газар бүс нутгийн удирдлагуудад даалгажээ. Энэ нь айл өрхүүдэд нийлүүлэх цахилгаан эрчим хүчид хамааралтай бөгөөд шинэ журам 2024 оноос эхлэн үйлчлэх юм байна.
Одоогоор ОХУ даяар айл өрхүүдэд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний үнэ эдийн засгийн үндэслэлтэй түвшнээс доогуур байгаа аж.
Ачаалал ихтэй үед аж ахуйн нэгжүүд, үйлдвэрүүдэд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний үнийг нэмж, үүнээс үүдсэн зөрүүг айл өрхүүдэд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний өртгөөс үүдсэн алдагдлыг нөхдөг гэнэ. Тухайлбал, Эрхүү мужид хотын айл өрхүүдэд нийлүүлэх нэг киловатт цахилгаан эрчим хүчний үнэ 1,42 рубль, орон нутгийн оршин суугчдад нийлүүлэх эрчим хүч 0,94 рубль бол аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх нэг киловатт цахилгаан эрчим хүчний үнэ дөрвөн рубль байдаг аж.
Цаашлаад цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн үед үнэ тарифыг нэмдэг байх журам нэвтэрснээр эрчим хүчний салбарын алдагдлыг багасгана гэж Оросын эрх баригчид үзэж байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид хэрэглээний дэд хязгаарыг тогтоох замаар шинэ үнийг нэвтрүүлэх журам тогтоох юм байна.
"Аж ахуйн нэгжүүдээс илүү төлбөр авах замаар айл өрхүүдэд нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний үнийг байнга бариад байх боломжгүй. Цорын ганц гарц бол бүс нутгууд эрчим хүчний хэрэглээ өндөртэй айл өрхүүдийн эрчим хүчний үнийг өсгөх замаар алдагдлыг бууруулах явдал юм" гэж ОХУ-ын Монополийн эсрэг алба мэдэгджээ.
Цахилгаан эрчим хүчний үнийг шинэчлэн тогтоох тухай асуудал өнгөрсөн оны хоёрдугаар сард л гарч байлаа. Тухайн үед Монополийн эсрэг алба орон нутгийн эрх баригчид эрчим хүчний үнийг нэмэх эрхтэй гэж мэдэгдэж байлаа. Энэ эрхээ хэрэгжүүлж, өндөр хэрэглээтэй айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний үнийг нэмснээр хэт их алдагдлыг бууруулах боломжтой гэж мэдэгдэж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |