Бэлгийн хүчирхийлэлд буруутгагдаж байгаа нэрт жүжигчин Жерар Депардьег Францын урлагийн зүтгэлтнүүд өмгөөлөн захидал нийтлүүлжээ. Депардьег дэмжсэн захидлыг жүжигчин Пьер Ришар, Венсан Перес, Кароль Буке, дуучин Карла Бруни нар бичиж, урлагийн 50 зүтгэлтэн гарын үсэг зурсныг Le Figaro сонин нийтлэсэн байна.
"Шүүх гэм бурууг нь тогтоогоогүй байхад яллаж, түүнийг асар ихээр үзэн ядаж байгааг бид цаашид дуугүй хараад сууж байж чадахгүй" хэмээн захидалд өгүүлжээ. Түүнчлэн "Жерар Депардье урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсны дээр, урлагийн түүхийг баяжулсаар байгаа", "ийм жүжигчнийг алдвал "эмгэнэл", "ялагдал", "урлаг мөхсөн" хэрэг болно хэмээн онцолсон байна.
Депардьегийн эсрэг чиглэсэн хэргийн тухайд, энэ сарын эхээр Францын жүжигчин Элен Даррас түүнийг 2007 онд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгасан юм. Түүнчлэн Испанийн сэтгүүлч Рут Баса ч Депардьег бэлгийн хүчирхийлэлд буруутгасан бөгөөд түүний өгүүлснээр энэ хэрэг 1995 онд болсон аж. Үүнээс өмнө, 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Францын France2 телевизээр "Нэмэлт мөрдлөгө" баримтат кино гарч, энэ кинон дээр дөрвөн эмэгтэй Депардьегийн үйлдсэн бэлгийн хүчирхийллийн талаар ярьсан бол 2023 оны дөрөвдүгээр сард өөр нэг хэвлэл 2004-2022 оны хооронд бэлгийн дарамтад өртсөн гэх 13 эмэгтэйн түүхийг нийтлэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |