Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурваст сөргөлдөөнийг зогсоох гурван нөхцөлийг нэрлэжээ. Энэ талаарх мэдээллийг The Wall Street Journal сонин дамжуулсан байна.
"ХАМАС устаж, Газын зурвас цэрэггүй болж, харин Палестины нийгэм хэт даврагч байхаа болдих ёстой. Энэ бол Израил, Газын зурвасын хооронд энх тайван тогтоох нөхцөлүүд" хэмээн Нетаньяху мэдэгдсэн байна.
Түүнчлэн Их Британи, АНУ, Франц, Герман зэрэг олон орон Палестины хөдөлгөөнийг устгах Израилын зорилгыг дэмжиж байгаа хэмээн онцолжээ.
"Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид ХАМАС бүлэглэлийн цэргийн хүчин чадлыг устгаж, Газын зурвас дахь улс төрийн ноёрхолд нь цэг тавих ёстой" гэж Израилын Ерөнхий сайд цохон тэмдэглэжээ.
Нетаньяхугийн мэдэгдсэнээр, Газын зурвасын дагуу аюулгүй байдлын түр бүс байгуулах, Газын зурвас, Египет хоорондын хил дээр хянан шалгалтын механизм нэвтрүүлж, Газын зурвас руу хууль бус зэвсгийн наймааг нэвтрүүлэхээс сэргийлэх ёстой гэнэ.
Мөн Палестины ард түмэн алан хядах бүлэглэлийг санхүүжүүлэх биш харин алан хядах ажиллагаатай тэмцэхийг дэмждэг болж өөрчлөгдөх ёстой гэж Израилын Ерөнхий сайд онцолжээ.
Нетаньяху, энэ мэдэгдлээсээ өмнө, 12 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл хийхдээ Израил Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлж байгаа, ХАМАС бүлэглэлийг бүрэн ялах хүртлээ дайныг үргэлжлүүлнэ гэж онцолж байлаа. Энэ дайн 10 дугаар сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Израилын нутаг руу Газын зурвасаас дайрснаар эхэлсэн бөгөөд үүний хариуд эхлүүлсэн Израилын цэргийн ажиллагааны улмаас хоёр сар гаруй хугацаанд Газын зурваст амиа алдсан хүний тоо 20 мянгшыг даваад байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |