ОХУ-д дайн эсэргүүцэгч нэр дэвшигчдийг Путинтэй өрсөлдүүлэхгүй
2023-12-26

Ирэх онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд 2000 оноос хойш төрийн тэргүүний албыг хашиж байгаа өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин нэр дэвшихээр болсон юм.

 

Оросын Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагддаг гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Гол нэр дэвшигч нь Путин, үлдсэн нь "нэр төдий" дэвшигчид байх үзэгдэл энд хэвийнд тооцогдох болсон. Энэ жил ч энэ байдал давтагдаж байна. Оросын хараат бус хэвлэлүүдийн мэдээлснээр, дайн эсэргүүцдэг нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахгүй байхаар болсон гэнэ.

 

Медуза агентлагийн мэдээлснээр, сонгууль эрх баригчдын хувьд "тун хялбархан" болж өнгөрөх бол Путин шаардлагатай дэмжлэгээ авснаар сонгууль өндөрлөх аж. "Энэ бол сонгууль биш, ёс төдий ажил" хэмээн Кремльд ойр эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Медуза дамжуулжээ.

 

"Ёс төдий ажил" хэмээсний учир нь Екатерина Дунцова зэрэг дайн эсэргүүцдэг нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгэж аваагүй аж. Санаачлагч бүлгээс нэр дэвшүүлсэн сэтгүүлч эмэгтэйн бүрдүүлсэн баримт бичиг дутуу, алдаатай гэж үзэн Сонгуулийн төв комисс түүнийг бүртгэхээс татгалзжээ.

 

Өдгөө 40 настай Екатерина Дунцова сэтгүүлч, Ржев хотод амьдардаг, өмнө нь хотын думын гишүүн байсан аж. тэрбээр Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох, ардчилсан шинэчлэлт хийх, улс төрийн хоригдлуудыг суллахын төлөө зогсдог нэгэн аж. Дунцова өнгөрсөн сарын дундуур Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласны дараа түүнийг Проукрорын газар дуудан шалгаж байсан бол зарим банк түүний гүйлгээ хийх эрхийг хааж байжээ. Ингээд Сонгуулийн төв хороонд нэр дэвших баримт бичгээ өгөхөд "алдаатай, баримт бичиг дутуу" гэсэн үндэслэлээр татгалзсан гэнэ. "Екатерина Сергеевна, та залуу эмэгтэй, танд ирээдүй байна. Аливаа бүтэлгүйтэл бүр сайн талыг авчирдаг, аливаа туршлага хүнд хэрэгтэй болдог" хэмээн Сонгуулийн төв хорооны дарга Дунцоваг тайвшруулсан гэх. 

 

Оросын хараат бус хэвлэлүүдийн мэдээлснээр, зургаан жилийн өмнө сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг ч мөн л ийм шалтгаанаар бүртгэхээр татгалзсан аж. Ингээд дайн эсэргүүцдэг сэтгүүлч эмэгтэй Сонгуулийн төв хорооны шийдвэрийг эсэргүүцэн, ОХУ-ын Дээд шүүхэд хандахаар болжээ. 

 

Медуза агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжуудын өгүүлснээр, ирэх оны гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсанд нэг их өндөр санал авахааргүй нэг эсвэл хоёр нэр дэвшигчийг багтааж, ингэснээр сонгуулийн өрсөлдөөн бодитоор байгаа мэт харуулахаар зэхэж байгаа гэнэ. Ямар хүмүүсийг саналын хуудсанд багтаахыг ч Кремльтэй хэдийнэ зөвшилцсөн байгаа аж.

 

Путиний хаанчлалыг баталгаажуулах хууль 

 

Одоогоос хоёр жил гаруйн өмнө, 2021 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө дахин хоёр удаа сонгогдох хуульд гарын үсэг зурж байв. Энэ хуулийг мөн л Путин санал болгосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу баталж байсан юм. 

 

"ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай" Холбооны хуулийн 19-д зааснаар хоёр удаа улиран сонгогдсон эсвэл сонгууль товлох тухай албан ёсны шийдвэр нийтлэгдсэн өдөр хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа Оросын иргэн дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхгүй гэж заажээ. 

 

Харин энэ заалт Путинд үйлчлэхгүй аж. Учир нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох үед төрийн тэргүүний алба хашиж буй хүний ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг тооцохгүй гэж хуульд тусгасан байна. Ингээд Үндсэн хуулийн энэ нэмэлтийг баталжээ.

 

Владимир Путин 2000, 2004, 2012 болон 2018 онуудад Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Харин ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт орсноор тэрбээр 2024 болон 2030 онуудад дахин нэр дэвших эрхтэй болсон юм.

 

2008 оноос 2012 оны хооронд Дмитрий Медведев Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Путин Ерөнхийлөгчийн сонгогдон ажиллах хугацаа дөрөв байсныг зургаа болгох санал оруулж, ингээд энэ санал нь ч батлагдаж байв. Харин энэ өөрчлөлт Медведевт хамааралгүй, учир нь тэрбээр 2012 онд Ерөнхийлөгчийн албанаас буусан юм. 

 

Ерөнхийлөгчийн хугацааг тэглэх тухай нэмэлт өөрчлөлтийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Төрийн думын хуралдааны үеэр Думын гишүүн Валентина Терешкова гэнэт л санал болгосон юм. Тухайн үед Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгаар Путин дахин нэр дэвших эрхгүй болоод байлаа.

 

Терешкова гэнэт л ийнхүү санал гаргасны дараа Путин нэн даруй Дум руу орж ирэн, Үндсэн хуулийн шүүх дэмжиж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх олон нийтийн санал асуулгаар сонгогчид дэмжвэл өөрийнх нь ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг тэглэхтэй санал нэг байх болно гэж мэдэгдсэн юм. Ингээд Үндсэн хуулийн шүүх ч татгалзсангүй, олон нийтийн санал асуулга ч Путиний талд гарч байлаа. .

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин