Хятадын Шанхай хотын KFC зоогийн газрын хүргэлтийн ажилтан усанд живж байсан эмэгтэйг аварчээ. Энэ талаар SHINE News мэдээлсэн байна.
Тодруулбал, KFC зоогийн газрын хүргэлтийн ажилтан Ян Жиньцюань 12 дугаар сарын 21-ний өдөр Миньхан дүүргийн гүүрний хажуугаар өнгөрч явахдаа голд эмэгтэй хүн байхыг олж харжээ. Хэдийгээр тухайн өдөр хүйтэн байсан ч хүргэлтийн ажилтан эр ус руу үсэрч, живж байсан эмэгтэйг эрэг дээр гарган ирж, анхны тусламж үзүүлсэн байна. Ингээд цааш ажилдаа явжээ.
Тухайн үед холоос энэ үйл явдлыг харсан хүмүүс дүрс бичлэг хийн, цахим сүлжээнд тавьж, улмаар сурвалжлагчид түүнийг хайж эхэлсэн гэнэ. Ингээд түүнтэй Shine News сонины сурвалжлагчид уулзжээ.
"Тэр өдөр хүйтэн байсан ч азаар би ханиад хүрээгүй. Би тийм ч сул дорой хүн биш шүү. Надад тохиолдсон тэр явдал сүүлчийнх нь байгаасай. Хүмүүс эсэн мэнд байгаасай гэж хүсэж байна" хэмээн Ян Жиньцюань сурвалжлагчид ярьсан байна.
Түүний аварсан эмэгтэй нөхөртэйгээ маргалдсаны улмаас амиа хорлохоор гол руу үсэрсэн нь тэр байжээ. Одоо эмэгтэйн биеийн байдал хэвийн байгаа аж. Хүргэлтийн ажилтан эмэгтэйг аварч саатсан тул ажлын газар руугаа ярьж, "дараагийн хүргэлт бага зэрэг саатах нь" гэж дуулгасан ч хүний амь аварсан талаараа огт хэлээгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |