ОХУ Украины эсрэг дайн өдүүлснээс хойш дэлхийн олон орноос хөлсний цэрэг элсүүлж, олон орны цэрэг Оросын талд дайтаж байгаад амиа алдсан талаарх мэдээлэл гарч байсан. Энэ удаад Балбын зургаан иргэн Оросын армид алба хааж байх үедээ амиа алдсан талаар Балбын эрх баригчид мэдэгджээ.
Оросын армид зургаан иргэн нь алба хааж байгаад амиа алдсантай холбоотойгоор Балбын эрх баригчид ОХУ-ын талд хандан, амиа алдсан хүмүүсийн цогцосыг хүлээлгэн өгөх, ар гэрт нь нөхөн төлбөр олгохыг хүссэн байна. Түүнчлэн, балбачуудыг Оросын армид элсүүлэхээ зогсоож, тус улсын бүх иргэдийг эх орон руу нь буцаахыг шаарджээ. Энэ талаарх мэдэгдлийг Балбын Гадаад хэргийн яамны сайт дээр нийтэлсэн байна.
Балбын зургаан иргэн ямар нөхцөл байдалд амиа алдсан талаарх мэдээллийг өгөөгүй, харин нэг иргэн Оросын талд байлдаж байхдаа Украины зэвсэгт хүчнийхэнд олзлогдсон гэж Балбын эрх баригчид мэдэгджээ.
Москва дахь Балбын элчин сайд Раж Туладхарагийн мэдэгдсэнээр, Оросын армид Балбын 150-200 иргэн хөлсний цэргээр элссэн гэнэ. Тэдэнд их хэмжээний шан хөлс амлан элсүүлж байгааг тэрбээр онцолжээ.
Ройтерс агентлаг энэ талаарх мэдээллийг тодруулахаар Катманду дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас тайлбар хүссэн ч хариу өгөөгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |