Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс Ц.Хуланд оногдуулсан 9,6 жилийн хорих ялыг 8.1 жилийн болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/736 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хаалттай хянан хэлэлцлээ.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Хулангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Отгонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Хуланг үргэлжилсэн үйлдлээр Монгол улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Отгонбаатарыг үргэлжилсэн үйлдлээр Монгол улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хуланд 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарт 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэлээ.
Уншиж байна |