Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн чадвараа алдсан хүн групп тогтоолгож, халамжийн мөнгө авдаг. Ингэхийн тулд эмчийн магадлантайгаар хуралд өөрийн биеэр суудаг байсан. Тэгвэл одооноос иргэн групп тогтоолгох хуралд өөрийн биеэр суух шаардлагагүй болж байна. Харин тус хуралд магадлагаа гаргасан эмч оролцдог болж байна.
Энэ талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж “Эмнэлэг хөдөлмөрийг магадлах комиссын хурал хэнийг, юуг хянах гээд байна вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн чадвараа алдсан хүний талаар эмч шийдвэрээ гаргачихаад тухайн хүнийг дуудаж, хуралд заавал байлцуулдаг. Үүнийг өөрчилж байна.
Эмч шийдвэрээ гаргасан бол хуралд биечлэн оролцож, өөрөө үүрэг хариуцлагаа хүлээнэ. Хоёр минутын хуралд оролцохын тулд иргэн 1180 км-ыг туулж, 2 сая төгрөгийн зардал гаргаж, 14 хоног зарцуулдаг байсан. Цаашид иргэн хуралд заавал биечлэн оролцох шаардлагагүй. Мөн хоёр удаа болдог байсан хурлыг нэг болгож байна” гэсэн мэдээллийг өгөв.