Нийгмийн анхдагч нэгж бол гэр бүл. Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ хэмээх тусгайлсан заалт Гэр бүлийн тухай хуульд бий.
Гэвч өнөөдөр дээрх хуулийн заалт хэрэгжиж байгаа нь эргэлзээтэй. Өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрт хүүхдийн эрх зөрчигдөж байна гээд хэлчихвэл буруудахгүй. Хүүхдийн зөрчигдөж байгаа эрхийг хамгаалахаар төр төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн, тэр хэмжээнд төсвийн мөнгийг захиран зарцуулдаг.
Тухайлбал, таван жилийн өмнөөс нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” аянг эхлүүлсэн байдаг. Аяны хүрээнд төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах ажлуудыг хийсээр зорьсон байдаг.
Гэвч энэ аян зөвлөгөөн, эцэг эхчүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулах хэлбэрээр үргэлжилсээр өнөөдрийг хүрсэн. Аяны үндсэн зорилгодоо хүрсэн эсэх нь ч эргэлзээтэй. Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг энэ аяныг хэрэгжүүлэхээр зөвлөх үйлчилгээний тендер зарласан байна. Тэд нийт 808 сая гаруй төгрөгөөр "Хариуцлагатай аав, ээж" төслийн хүрээнд хийгдэх сургалт, зөвлөгөө зохион байгуулахад зориулан зөвлөх үйлчилгээ авах юм. Гэвч өнөөдөр ганцхан аян өрнүүлээд эцэг, эх үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ гэдэг нь эргэлзээтэй. Үүний оронд энэ мөнгөөр сургууль цэцэрлэг орчмыг камержуулж, хүүхдийн аюулгүй байдлыг бодитоор хангах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай гэдгийг сануулах нь илүүц биз.
П.ГОО
Уншиж байна |