АТГ-аас цаг үеийн анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр АТГ-ын ахлах комиссар Э.Оюунболд "АТГ-аас зөвхөн ногоон автобус буюу их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусаар хязгаарлахгүйгээр өргөн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гурван чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.
Нэгдүгээрт, автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, хайнга хандсан эсэх, хахууль авсан эсэх асуудал
Хоёрдугаарт, автобус чанар стандартын шаардлага хангасан эсэх, нийлүүлэгч ААН-д эдийн засгийн давуу байдал хууль бусаар олгосон эсэх асуудал
Гуравдугаарт, 134 тэрбум төгрөгийн зарцуулалтыг мөнгө хөөж шалгах байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2023 оны төсвийн тухай хуульд 310 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн автобусанд зарцуулахаар хуульчилж өгсөн байна. Харин Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хороо дээрх төсвийг захиран зарцуулах эрхээ нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн байдаг. Улмаар нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах захирамж гаргасан.
Шалгалтын явцад нэр бүхий албан тушаалтнууд холбогдох хууль тогтоомж зөрчиж, чанар стандартын шаардлага хангахгүй автобус хүлээн авсан. Нэр бүхий компани хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгсон гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар 11 иргэн, албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийгээд 25 хүнд эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан. Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий 4 хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ 4 хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан" гэлээ.
Мөн тэрбээр допингийн талаар "Допингийн шинжилгээ авах үйл ажиллагааг 2003-2008 он хүртэл МҮОХ хариуцдаг байсан. 2009 оноос хойш Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага тамирчдаас шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Тамирчдаас шинжилгээний дээж авах ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны тогтоолоор журмын дагуу зохион байгуулдаг. Дээж авах, дээжийг лаборторид илгээх үйл ажиллагааны явцад дээж солих, гадны биет оруулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Допингтой холбоотой асуудлаар хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй. 9 газар нэгжлэг хийхэд тодорхойн тооны объектоос сэргээшийн төрлийн эм бэлдмэл гэдэг юмуу, биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг юмуу, уураг гэдэг юмуу ямартай ч бодисууд илэрсэн. Эдгээрийг шинжилгээнд өгсөн. Шинжилгээний дүн гараагүй байна" гэлээ.
Уншиж байна |