Хүүхдийн эрхийн асуудлаарх УИХ-ын хяналтын сонсгол эхэллээ. Отгонтэнгэр их сургуулийн багш, доктор Р.Очирбал хүүхдийн эрхийн тулгамдсан асуудал, шийдэл сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ “2021 онд хийсэн судалгаагаар хүүхдийн хөдөлмөрлөх эрхийн асуудалд төрийн бодлогын түвшинд анхаарахуйц байдалтай байгаа нь тогтоогдсон. 5-17 насны 852 000 хүүхдээс 207 мянган хүүхэд эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол 138 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна.
Үүн дотор 58 182 хүүхэд аюултай ажил хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэгч таван хүүхэд тутмын 3 нь 5-12 насны хүүхэд, 5 хүүхэд тутмын 2 нь аюултай хөдөлмөр эрхэлж байна. Аюултай хөдөлмөрийг хөвгүүд эрхэлж байгаа нь жендерийн асуудлыг хөндөх нөхцөл байдлыг бий болгож байна.
Жилд 113 хүүхэд хавдрын өвчлөлтэй оношлогдож байна. 2020 онд 0-19 насны 52 хүүхэд хорт хавдрын улмаас нас баржээ. Жил бүр дундажаар 400 хүүхэд сүрьеэгээр өвчилж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дундажаар 473 хүн амиа хорлож байгаагийн нэлээдгүй хувийг өсвөр насныхан, 2012-2016 онд 10-25 насны 650 хүн амиа хорлосны 78 нь 10-14 насны хүүхэд байна. 2003 онд 10-14 насны хүүхдийн ами хорлолт нь энэ насны нас баралтын 3.3 хувийг эзэлж байсан бол 2020 онд 11.6 хувь болон нэмэгджээ. Үүгээр манай улс Ази-Номхон далайн бүсэд тавдугаарт эрэмблэгдэж байна.
2019 онд хүчиндэх гэмт хэргийн улмаас 492 хүн хохирсны 51.4 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байна. Үүний 50.6 хувь нь 14-17 нас, 39.9 хувийг 8-13 нас, 11.5 хувийг 7 хүртэл насны хүүхэд эзэлж байгаа нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй төрийн бодлогын хэмжээнд, нийгмийн тогтоллцоонд үр нөлөөтэй тэмцэх шаардлагатай байгааг харуулна.
Зөрчлийн тухай хуулийн 6.2-т заасан хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн талаар дүн шинжилгээг УЕПГ-ын судалгааны хүрээлэнгээс 2021 онд хийсэн байна. Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2019 онд 1 411 байсан бол 2020 онд энэ тоо 3 215 болж нэмэгдсэн байна. Нийслэлээс Баянзүрх дүүрэг, орон нутгаас Булган аймагт хүүхдийн эрхийн зөрчил өндөр хувийг эзэлж байна” гэдгийг дурдлаа.
Би партнерс ХХК-ийн хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал: Хүүхэд хамгааллын үйлчилгээ хүүхэд рүү чиглэж, хүүхдэд хүрч ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, гадаадад байдаг аав “манай хүүхдийг хамгаалаач, ээж нь хүүхдээ хаяад явсан байна” гэсэн дуудлагыг 04 дүгээр сард хүүхэд хамгааллын 108 утсанд өгсөн. Гэтэл сая 10 дугаар сард “танай хүүхэд яасан бэ” гээд залгаж байна. Энэ хугацаанд хүүхдийн эрүүл мэнд, амь нас эрсэдсэн бол яах вэ. Аз болж тухайн хүүхдийн эрсдэл бага байсан.
Дуудлага мэдээлэл өгөхөд яаж шийдсэн нь тодорхойгүй байдаг. Буцаад хариу өгье гээд алга болдог.
Хүүхэд хамгааллын хуулийг өөрчлөхөөс илүү одоогийн механизм юунаас болоод ажиллахгүй байгаа, яагаад хүүхдэд хүрэхгүй байгаад судалгаа хийж, ямар эрсдэл байгаа, юунд илүү анхаарахыг тодорхой болгож, арга хэмжээ аваад өгөөч.
Түр хамгаалах байрны түлхүүрийг эзэмшдэг хүн өөр ямар арга хэмжээ авахаа мэддэггүй. Тэнд сэтгэлзүйч байх ёстой байтал байдаггүй. Ийм тохиолдолд хүүхдийн эрхийг яаж хамгаалах юм бэ. Эрх нь зөрчигдсөн хүүхдийг яаж буцааж гэр бүлд нь нэгтгэх вэ. Энэ ажлыг сэтгэлзүйч хийх үү, нийгмийн ажилтан хийх үү. Мэргэшсэн нийгмийн ажилтан нь хаана байна вэ.
Хүүхэд хамгааллын мэргэшсэн хүний нөөц дутмаг, одоо ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, чадавх сул байна.
Сургуулийн орчинд хүүхдийн эрхийн хамгаалах асуудалд ямар өөрчлөлт гарав, юу хийсэн бэ гэсэн асуултад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Төр нэг ой санамжтай, тоотой байгаасай. Боловсролын салбарын хийсэн судалгаагаар 55 000 хүүхэд эрсдэлтэй бүлэгт байна. Гэтэл ХНХЯ 14 000 гэсэн тоо зарладаг. Ядахдаа бид эхлээд тоогоо нэг болгох хэрэгтэй.
Эрсдэлтэй бүлэгт байгаа 55 000 хүүхдээс 11 000 нь үе тэнгийн дээрэлхэлтийн золиос болсон. Энэ маш том тоо. Үе тэнгийн дээрэлхэлтийн тухай бид мэддэг хэрнээ хэн ч ярьдаггүй байсан. УИХ-ын гишүүн Мөнхцэцэг энэ талаар шүгэл үлээснээр сурагчдид, эцэг эхчүүд үе тэнгийн дээрэлхэлтийн тухай ойлгодог болсон.
Сургууль орчинд хүүхэд хамгааллын асуудлаар тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна. Төрийн өмчийн гурван сургууль тутмын 2-ыг сэтгэлзүйчтэй болгосон. Ирэх 09 дүгээр сарын 01 гэхэд төрийн өмчийн бүх сургуулийг сэтгэлзүйчтэй болгоно. Сэтгэлзүйчтэй болсноор сургууль дээр маш их эерэг хандлага бий болж байна.
Сэтгэлзүйч, хоолзүйч, нийгмийн ажилтан гээд сургууль дээр хүүхэд хамгааллын баг ажиллах тогтолцоог боловсролын багц хуулинд оруулсан. Цаашид сургууль, багшийн үнэлгээний зургаан том шалгуурын нэг нь хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн ажил орчинг хэрхэн бүрдүүлсэн талаар байна.
Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар Эрүүл мэндийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Төгсдэлгэр “Өсвөр насны 1000 охидод ногдох төрөлт, үр хөндөлтийн түвшин 10 жилийн өмнөхөөс тус бүр 30 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Хүүхдийн эрүүл мэндийн хувьд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэг нэмэгдэх хандлагатай байна. Архи, тамхины хэрэглээ, таргалалт нэмэгдэж байна.
Иргэн та хүч залуусын санаачилгыг үүсгэн байгууллагч Б.Өлзийбат: Өнөөдрийн энэ хурал үнэхээр дүр эсгэсэн, олон жил төрд бугшсан төрийн албан хаагчид хүүхдийн төлөө ямар ч сэтгэлгүй мөнгө угаалт явуулсныг харуулж байна.
Сүүлийн таван жилд Монгол Улсын иргэдийн татварын мөнгөнөөс 44.5 тэрум төгрөгийг хүүхэд хамгаалахад зарцуулсан. Гэтэл өнөөдөр онош ч байхгүй, дүгнэлт ч байхгүй.
Хамгийн эхэнд Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын удирдлагад хариуцлага тооцох ёстой. Дөрвөн жил дараалан төсөвт 8 тэрбум төгрөг тавигдсан. Энэ бүхний дараа ямар ч дүгнэлт, тодорхой тайлан иргэдэд мэдээлээгүй. Энэ хүмүүст хариуцлага тооцож байж асуудал шийдэгдэнэ. Найман тэрбумыг зарцуулахын байгууллагаас нэг ч хүнд хариуцлага тооцоогүй учраас бүгд давардаг, яриад өнгөрдөг.
ТББ-уудтай 2.9 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн гэж байна. Энд мөнгө угаалт явагдсан. Үүнд үр дүн байхгүй. Түр хороо байгуулж, хянаөлт шалгалт явуулах ёстой.
Хууль сурталчлахад 700 сая төгрөг, хуулийн төсөл боловсруулахад 267 сая төгрөг, сургалтад 370 сая, хяналт шинжилгээний систем байгуулахад 140 сая төгрөгийг 2021 онд зарцуулсан байна. Одоо юу ч байхгүй.
Нийт хүн амын 1/3 нь хүүхэд. Гэтэл 10 хүүхэд тутмын 8 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна.
"Өнөр бүл" хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг: Өнөөдөр манай төвд амьдарч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ээж аавтай. Үр хүүхдээ хаясан ээж аав нарыг олоод өгөөч ээ. Тэд хүүхдээ хаячихаад хаана юу хийж явна аа.
Эцэг эх байх эрхийг нь хязгаарлаад явуулчихаж байна. Гэтэл тэр ээж чинь ажил хийгээд, өөр хамтран амьдрагчтай болоод хүүхэд гаргаж байна.
38 аав, 28-тай ээжийн эцэг эх байх эрхийг нь хасаад, зургаан хүүхдийг нь манайд өгсөн. Тэр ээж аавыг олж өгөөч ээ. Тэр ээж аав нар чинь архиа уугаад, өөр амьдрал зохиогоод яваад байна. Үүнийг хуулиар цэгцлэх хэрэгтэй байна.
Ийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл санал хэлснээр сонсгол өндөрлөлөө.
Уншиж байна |