Та хүүхдийнхээ нурууг анзаарч байсан уу? Хүнд цүнх, сургуулийн стандартын бус ширээ сандал, гар утасны хэрэглээ, амьдралын олон янзын хэв маягаас шалтгаалан таны хүүхдийн нуруу муруйчихсан яваа юм биш биз? Нурууны төрөлжсөн “Алтанмед” эмнэлгийн Ерөнхий эмч Н.Алтанхундагын яриаг уншаад таны хүүхдийн нуруунд ямар нэгэн асуудал байгаа эсэх талаар тунгааж бодоорой.
-Нурууны өвдөлт нийгмийн өвчин болсон гэж хэлж болох байх. Хүүхдүүдээс эхлээд өндөр настан хүртлээ нурууны асуудалтай байна. Гэхдээ энэ удаа таньтай хүүхдийн нурууны асуудлаар ярилцъя. Монгол хүүхдүүдийн нуруунд ямар асуудал давамгайлж байна вэ?
-Бид эмнэлэг дээрээ 600 хүнийг хамруулан нурууны өвчлөлийн талаар судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд 30 орчим хувь нь хүүхдүүд байснаас гадна энэ хүүхдүүдийн ихэнх нь нурууны өвдөлтгүй муруйлттай байна. Бага насны хүүхдийн бие уян хатан, хөнгөн, илүүдэл жин багатай, үений холбоо нь уян учраас яаран суулт үүсэж, мэдрэл дарагдахгүй хэрнээ муруйлт үүссэн байдаг. Харин өсвөр насанд яс нь бэхжиж, жин нь нэмэгдээд, ажлын ачаалал авдаг болохоор яваандаа мэдрэл дарагдаж өвдөж эхэлдэг.
Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсээс бага насныхан нурууны өвдөлтгүй муруйлттай байгаа бол өсвөр насны хүүхдүүд булчин дагасан болон мэдрэл дагасан өвдөлт мэдэрч эхэлцгээсэн, 20-50 насны ид хөдөлмөрийн насныхан нурууны өвдөлттэй суулттай, мэдрэл дагасан өвдөлт ихтэй, 50-70 насанд нурууны өвчин архагшсан, шохойжилт ихтэй байна. Нас ахих тусам зовиур нь ихсэж, мэдрэлийн муруйлт, шохойжилт, дарагдлын хугарал, олон жийргэвчийн сөнөрөл зэрэг олон өвчин хавсардаг нь судалгаанаас харагдсан.
-Бага насны хүүхдүүдийн нуруунд муруйлт үүсэж байна гэлээ. Тэгвэл шалтгаан нь юу вэ?
-Ерөнхийд нь үндсэн гурван шалтгааныг дурдаж болно.
1. Амьдралын буруу дадал, хэвшил их нөлөөлж байна. Дандаа нэг талаараа унтаж, буруу суудаг, буруу стандарт бус дэр дэрлэдэг, огт дэргүй унтдаг зэрэг ахуйгаас шалтгаална.
2. Хүүхдийн бодисын солилцооны өөрчлөлт, тухайлбал хүүхэд ясны сийрэгжилт, суурь өвчтэй бол мурийлт үүсэхэд бас нөлөөлнө.
3. Хичээлийн цагийн хуваарь, цүнх, ном, ширээ сандлын стандарт гэх мэт нийгмийн зүгээс шалтгаалах нөлөөлөл бас байна. Тухайлбал зайлшгүй шаардлагаар хэтэрхий хүнд цүнх үүрэх шаардлага гардаг, олон цагаар суулгаж хичээл хийлгэдэг, хэт их даалгавар өгдөг, сургуульд орж байгаа хүүхдийн нас хэт бага, стандартын бус ширээ сандал зэрэг нь хүүхдүүдийн нурууны муруйлт үүсгэх нөхцөл болж байна.
-Эндээс амьдралын дадал хэвшлийг илүү тодруулж ярилцъя.
-Амьдралын дадал хэвшлийг дотор нь дахиад ангилж болно. Зөвхөн өөрөөс хамаарсан буюу хөлөө ачиж суудаг, завилж суугаад хэт тонгойдог, хэт бөхийж суудаг, нэг хөл дээрээ жингээ төвлөрүүлж зогсдог зэрэг буруу дадал хэвшлүүд байна. Нөгөө талаас эцэг эхчүүд нурууны өвчний талаар, ялангуяа нурууны муруйлтын талаар мэдээлэл муу учир хүүхдийнхээ нурууг муруйж байгааг эрт үед нь анзаарч чаддаггүй, буруу дадал хэвшлийг нь эрт үед нь засах мэдлэг чадвар эзэмшээгүй байдаг нь муруйлт хүндрэхэд нөлөөлж байгаа нь ажиглагддаг.
-Тэгэхээр сургуулийн орчин хүүхдийн нуруунд сөргөөр нөлөөлдөг байх нь?
-Ихэнх анги гурван эгнээтэй ширээтэй байдаг. Урд талын эгнээнд сууж байгаа хүүхдүүд арын эгнээнд суудаг хүүхдүүдтэйгээ харьцахын тулд биеэ эргүүлдэг. Хүн хэдийнэ тогтсон дадал хэвшлээ өөрөө ч мэдэлгүй байнга давтсаар байдаг. Харин хойно суудаг хүүхдүүд биеэ эргүүлж, мушгирах нь бага байдаг учраас нуруунд нь муруйлт үүсээгүй байх магадлалтай. Нурууны муруйлтыг дагаж биеийн тэнхлэг заавал эргэдэг. Тэнхлэг эргэх тусам нурууны муруйлт ихэсдэг. Тийм ч учраас нурууны муруйлттай хүүхдүүдийн нэг талын дал илэрхий овойсон байдаг. Ангид нэг суудал дээр хүүхдийг удаан суулгахгүй жилд 1-2 удаа эгнээ суудлыг нь сольж байх нь мурийлт үүсэхээс сэргийлдэг.
-Суулт гэснээс хүүхдийн олон цагаар суудаг хичээлийн ширээ сандал бас нуруунд нөлөөлдөг байх?
-Хүүхдүүдийн ямар байрлалд суухад ширээ, сандлын стандарт маш чухал. Манай ихэнх сургуулиудын ширээ сандал стандартын бус байна. Хүүхдүүдийн ирээдүйг харсан, нурууны хэвийн хэлбэр алдагдахад нөлөөлөхгүй, мөн нэгэнт үүссэн бол нурууны өөрчлөлтийг нэмэгдүүлэхгүй байх ямар ч орчин, шийдэл алга.
Ахлах ангийг бага ангитай смен болгосон тохиолдол зөндөө байдаг. Гэтэл ангийн ширээ сандал 10 дугаар ангийн хүүхдүүдэд жижигдээд, 4 дүгээр ангийн хүүхдүүд томддог. Бага ангийн хүүхдүүд хөл нь газар хүрэхтэй үгүйтэй бөхийж суудаг бол том ангийнхан нь ширээ, сандалдаа багтахын тулд мушгирч, хөлөө ташуу тавьж муруйж сууж байна. Хүүхдийн нас болгоноор нь ширээ сандлын өндөр болон налуу өөр, өөр стандарттай байх ёстой. Бүр тийм хүүхдийн насны байдлаар тохирсон өндөртэй ширээнд суулгаж чаддаггүй юмаа гэхэд ширээ, сандал нь бага ангийнхан суух үед өндөрт нь тохируулан намхан болгодог, том ангийн хүүхдүүд суух үед нь өндөрсгөж нуруунд нь тохируулдаг эргономик шийдэлтэй байх нь чухал байна.
-Сурагчдын цүнхний тухай тодруулъя. Тухайлбал, зургаан настны нуруу ямар жинтэй цүнх үүрэх даацтай вэ?
-Зургаан настай хүүхдийн цүнхний жин 2.5-3 кг-аас хэтрэхгүй жинтэй байх ёстой. Гэтэл манай хүүхдүүд 5-6 кг жинтэй цүнх үүрдэг. Нуруу нь өвдөхгүй байхын аргагүй.
Хүүхдүүд хоёр мөртэй үүргэвч үүрч байгаа нь тун зөв. Гэхдээ нэг мөрөөр нь өрөөсөн талдаа үүрсэн хүүхдүүд харагддаг. Ингэж үүрдэг хүүхдүүд цүнхээ өргөхийн тулд цүнх үүрсэн талын мөрөө өргөж хэвшдэгээс нурууны муруйлт үүснэ. Бас оосорыг нь хэт урт үүрэхээр цүнх арагш татагдаж, хүүхэд цүнхээ даахын тулд урагшаа бөхийдөг. Энэ тохиолдолд бөгтөр болох эрсдэлтэй.
-Ухаалаг утасны хэрэглээ нуруу, хүзүүнд яаж нөлөөлж байгаа бол?
-Монголчууд бүгдээрээ утасны буруу хэрэглээтэй. Монголын хүн амын ихэнх хувийн бүсэлхий, хүзүүний хотгор тэгширсэн тухай судалгааны дүгнэлт бий. Хүзүү, бүсэлхий хэсэг хотгор байж ачааллаа жигд тааруулах ёстой. Гэтэл бид хүзүүгээ тонгойлгож, бөхийгөөд суугаад байвал хүзүүний хэвийн хотгор хадгалагдах боломжгүй. Тонгойж утсаа оролддог, хэт удаан тонгойж ажилладаг, өндөр дэрэн дээр эсвэл огт дэргүй унтдаг зэргээс шалтгаалж хүзүүний хотгор алга болдог. Хүзүү хотгор байж толгойг мөрөн дээр 4-5 кг аас ихгүй ачаалал өгөхөөр тогтоох чадвартай байдаг. Хүзүүний хотгор арилсан тохиолдолд толгойг цэх тогтоохын тулд хүзүү мөрний булчин чангарч мөр сэрвээ орчимд ирэх ачаалал эрс ихэсдэг.
-Тэгвэл хүүхдийн нуруу муруйж байгаа эсэхийг яаж шалгах вэ? Эцэг эхчүүд яаж ажиглах уу?
-Хамгийн хялбар арга бол хүүхдээ нүцгэн зогсоож байгаад эгц урд, ардаас нь фото зураг авах хэрэгтэй. Тэгээд алхуулж хар. Хүүхдээ дээш, доош нь харуулж хэвтүүлээд хөлний уртыг нь чацуулж үзэж болно. Хөл нь тэгш тавигдахгүй, нийлэхгүй, урт богино бол аарцагны гажилттай, булчингууд хэвийн биш чангаралтай байх магадлалтай. Мөн өвдөгний урд ирмэгийг чацуулахад зөрүүтэй бол аарцаг эргэлттэй нуруу мурийлттай байна гэсэн үг. Мөр нь өндөр, нам байвал нуруу нэг тийшээ мурийсан, намхан тал руугаа мөр унжсан байна гэсэн үг.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд их анхаардаг хэрнээ ихэнх монголчуудын бодож заншсанаар хүүхдийн нуруу өвддөггүй гээд нурууны эрүүл мэндэд нь төдийлөн анхаардаггүй. Сүүлийн дөрвөн жилд манай нуруу засалч эмч нарын баг 200-аад хүүхдэд нурууны муруйлтын эмчилгээ хийсэн. Тэднээс арав хүрэхгүй эцэг эх хүүхдээ бага буюу 6, 7, 8 настайд нь нурууны мурийлттай эсэхийг оношлуулахаар авчирсан байсан. Ихэнх нь нуруу өндөр болж, нурууны мурийлт илт анзаарагдам харагдахаар болдог өсвөр насанд нь буюу охидыг 11-11, хөвгүүдийг 13-14 насанд нь дагуулж эмчид үзүүлэхээр ирсэн байдаг . Манай эцэг эхчүүд хүүхдийнхээ нуруунд урьдчилан сэргийлэх үзлэг огт хийлгэдэггүй гэхэд болно.
-Хүүхдийн нуруу нэгэнт муруйсан бол ямар эмчилгээ хийлгэх вэ?
-Ихэнх эцэг эх хүүхэд маань хэт бөхийж суугаад байдаг болсон гэх шалтгаантай ирдэг. Энэ үед ихэнх хүүхдэд хэдийнэ муруйлт үүсчихсэн байдаг. Тэгэхээр нурууны мэргэжлийн эмчид эрт хандаж, оношлуулах хэрэгтэй. Ямар ч эмчилгээ хийлгэхгүй бол нурууны муруйлт жилд багадаа 1-2 градусаар, шилжилтийн насанд 5-15 градусаар нэмэгдэх магадлалтай. Нуруу засалч эмчээр эмчилгээ хийлгэснээр багахан муруйлтыг засаж, их муруйлтыг нэмэгдүүлэхгүй байх боломжтой.
Наснаас нь хамаараад хүүхдийн нурууны муруйлтыг эмчлэх гурван зарчим байна.
Бага насанд нь эрт илрүүлж, муруйлтыг нэмэгдүүлэхгүй байх
Өсвөр насанд өөрт нь сайн тайлбарлаж өгөөд, аюулгүй аргаар бага зэрэг засах
16-20 насанд бол идэвхтэй засах хэрэгтэй. Учир нь 20 наснаас яс бэхжиж, муруйлт засрах боломж нь багасдаг.
Олон жилийн турш муруй байсан нурууг 10 хоногийн эмчилгээгээр засах боломжгүй. Тэгшхэн болголоо ч хүн буруу дадал хэвшлээ засахгүй бол эргээд гажна. Манай эмнэлэг нурууны муруйлтын эсрэг багц эмчилгээ хийдэг. Бариа хийж, булчингуудыг суллана. Аарцагны шажилт , нурууны эргэлт болон муруйлтыг бага багаар засна. Дээрээс нь булчин, ясыг байранд нь бүрэн тогтоохын тулд цусны эргэлтийг сайжруулах шарлага, ивээс, татлага, шавар зэрэг сэргээн засах эмчилгээг хавсруулан хийдэг. Хамгийн чухал нь эмчилгээний зөвлөмжийн дагуу гэртээ ивээсийг бүтэн жилийн турш хийх хэрэгтэй.
-Хүүхдийн нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юу хийх вэ?
-Хамгийн чухал асуудал бол эрт илрүүлэг. Хүүхдийг 10 хүртэлх насанд нь жилд нэг удаа нурууны бүтэн зураг авахуулж, муруйлт үүссэн эсэхийг нурууны мэргэжлийн эмчээр шалгуулж, үзлэгт оруулах хэрэгтэй. Тэгээд зөв суух, зогсох, унтах зэргээр дадал хэвшлийг нь эртнээс анзаарч, засах шаардлагатай.
Алтанмед эмнэлэгтэй холбогдох утас: 7707 1652
Б.Хэрлэн