ТҮЦ эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа тухай мэдээлэл өглөө
ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөл: "Бид олон жил ТҮЦ ажиллуулсан бизнесийн туршлагатай хүмүүс. Гэтэл төрөөс GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдийг дэмжиж, төрийн ордондоо хүртэл ажиллуулж байна. Бид ч бас эдгээр сүлжээ дэлгүүрүүдийг ажиллуулж чадах туршлагатай одонтой ээжүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд. Тэдгээр дэлгүүрүүдэд орохоор ариун цэврийн өрөө нь ажиллахгүй, завсартай байдаг. Бүр согтуу хүмүүс ширээн дээр нь сууж байгаа.
ТҮЦ эрхлэгчдийг хортой, хүний биед сөрөг нөлөөтэй бараа бүтээгдэхүүн зардаг гэдэг. Энэ бол биднийг харлуулах гэж байгаа хүмүүсийн санаа. Энэ санаа бүтэхгүй гэдгийг хэлье. Бид Монгол Улсын хил гаалиар батлагдаад орж ирсэн Барс, Нарантуул, Хархорин зэрэг бөөний цэгүүдээс бараагаа авдаг.
Улсаас бидэнд ямар ч тусламж үзүүлээгүй. Бидэнд GS25, CU-д олгодог боломжоо олговол бид ч бас сайн ажиллаж чадна. Өнөөдөр биднийг шахаж байгаа ч удахгүй 6 нэр, 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийг шахна. Тиймээс энэ асуудлыг маань шийдэж өгөхгүй бол ТҮЦ эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно" гэв.