БШУЯ-наас Монголын их дээд сургуулиудын эрэмбэ чансааг зарлалаа. Сургалтын чанар, судалгаа хийсэн байдал, хйисэн судалгаа нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн эсэх, оюутны сурах орчныг бүрдүүлсэн байдал, төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон зэрэг үзүүлэлтээр их дээд сургуулиудыг үнэлж, анхны чансааг гаргажээ. Энэ нь урьдчилсан эрэмбэ бөгөөд үндсэн чансаа ирэх хавар гарах аж.
Анхны урьдчилсан эрэмбэ чансаагаар
МУИС-83.5 хувь
АШУИС-75.4 хувь
ШУТИС-71.8 хувь
МУБИС-65.6 хувь
ХААИС-60.2
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль-56.1
СЭЗИС-52.3
Отгонтэнгэр их сургууль-52.1
Эмзүйн шинжлэх ухааны их сургууль-50.4 хувь
СУИС-48.9 хувиар үнэлэгдэж, эхний 10 байранд эрэмблэгджээ.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “ Монгол Улсад сургалтын гүйцэтгэлийн үнэлгээгээр 60 хувиас дээш үнэлэгдсэн 18-хан сургууль байна. 50 хувиас дээш үнэлгээг хангасан 30 орчим сургууль байна. Өнөөдрийн эрэмбэ зарлагдаж байгаа 61 их дээд сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарын түвшинд хүрч чадахгүй байна.
Үндэсний сургуулиудын эрэмбэ чансааг зарласантай холбогдуулж цаашид ахисан шатны сургалтаа шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай байна. Судалгааны их сургуулийг байгуулахад магистр, докторантурын сургалт маш чухал. Эхний гуравт эрэмблэгдсэн МУИС, АШУИС, ШУТИС-ийн 20 докторантын сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь санхүүжүүлж, цалинтай докторын хөтөлбөр эхлүүлж байна.
Шинэ хуулиар 2025 оноос дээд сургууль гэж байхгүй. Зөвхөн их сургууль, коллеж гэсэн хоёр ангилалтай болно. Цаашид их сургуулийн статусыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа.
Өнөөдөр их дээд сургууль төгсөж байгаа 3 хүүхдийн 1 нь ажилтай, 2 нь ажлын байргүй байна. Монгол Улсад идэвхтэй ажил хайж байгаа 20 000 залуусын 1/3 нь дээд боловсролын дипломтай ч ажлын байргүй байна. Нөгөө талаас ажил олгогчдын хүсэж байгаа ур чадварыг их дээд сургууль, МСҮТ-ийнхөн хангаж чадахгүй байна.
Шинэ Сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 38 000 инженер техникийн ажилтан бэлтгэх хэрэгцээ шаардлага байна. Гэтэл үүнийг хангах их дээд сургууль цөөхөн байна. Хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөөд гадаадад сурах маш их эрмэлзлэлтэй болсон байна. Хүүхэд чанартай боловсрол эзэмшихийг хүсэж байгаа. Тиймээс Монголын дээд боловсролын чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц тогтолцоог бий болгохоор өнөөдрийг эрэмбийг зарлаж байна.
Намайг БШУ-ы сайдын ажил авахад Монгол Улс 100 орчим их, дээд сургуультай байсан. Өнгөрсөн хугацаанд багшгүй, лабораторигүй, сургалтын орчингүй 27 их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг цуцалж, зогсоосон" гэсэн мэдээллийг өгөв.
Их дээд сургуулиудын эрэмбэ чансааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү
Б.Хэрлэн
Уншиж байна |