Сүүлийн үед олон бяцхан үрс харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг ээлж дарааллан гарсаар. Уг хэргүүд гэр бүлийн уур амьсгал, нийгмийн эрүүл аюулгүй орчин, үе тэнгийн гадуурхалт зэрэг их олон зүйлээс шалтгаалж байгаа юм. Хүүхдүүдийн хувьд сургууль бол хоёр дахь гэр нь байдаг. Тэр ч утгаараа 2021 оноос сургуулиудад мэргэшсэн сэтгэлзүйч ажиллаж эхлэх болсон. Тэд хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг этр илрүүлж хөгжүүлэх, сэтгэлзүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор ажиллаж буй. Ингээд бид сурагчдын сэтгэлзүйн асуудлын талаар сургуулийн сэтгэлзүйч Г.Анхилуунтай ярилцлаа.
- 2021 оноос эхлэн ЕБС-уудад сэтгэлзүйчид ажиллаж эхэлсэн. Сургуулийн орчинд сэтгэлзүйн ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
- Сурагчид өмнө нь сэтгэлзүйчтэй уулзаж, зөвлөгөө авах нь цөөхөн байлаа. Сургуулийн удирдлагууд, ангийн багш болон эцэг эхчүүд хэн нэгний зөвлөснөөр байгууллагын сэтгэлзүйчид ханддаг байсан. Нийтийг хамарсан сэтгэлзүйн үйлчилгээ байгаагүй. Харин энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн орчинд сэтгэлзүйч ажиллах нь сурагчдад маш сонирхолтой байна. Аливаа асуудалд нээлттэй ханддаг сурагчид нь хамгийн түрүүнд зөвлөгөө авч, ярилцаж байна. Сурагчдын хувьд өөрийнхөө онцлог, давуу талыг мэдэх хүсэлтэй байдаг.
Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах зэрэг асуудалд зөвлөгөө мэдээлэл авч байна. Сургуулийн сэтгэлзүйчид зөвхөн тухайн сурагчтай холбоотой асуудлаар эцэг, эхчүүд болон багш нарт зөвлөгөө өгдөг. Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд харьцангуй сэтгэлзүйн боловсролтой болж байгаа нь сайн хэрэг шүү.
- Сургуулийн сэтгэлзүйчид үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд ажилладаг. Үүнд:
Одоогоор бага ангийн сурагчидтай түлхүү ажиллаж байна. Хүүхэд сургуульдаа дасан зохицож суралцсанаараа амжилттай байх, зөв нийгэмших зэрэг маш олон давуу талтай. Цаашдаа эцэг эхчүүд болон багш нарт сэтгэлзүйн боловсрол олгох сургалтууд явуулна.
- Сүүлийн үед сурагчдад сэтгэлзүйн ямар өвчлөл илүү өртөөд байна вэ? Сургуулийн орчинд ямар дарамт шахалт гарч байна вэ?
- Миний хувьд коронавирус халдварын дараахнаас ажилд орсон болохоор тухайн үед сурагчид ангийнхаа найзуудтайгаа нээлттэй харилцдаг байсан бол үзэл бодлоо илэрхийлж чадахаа болих, багшдаа өөрийгөө илэрхийлж чадахгүй байх зэрэг асуудлууд ажиглагдаж байсан. Харин ахлах ангийнхны хувьд үзэл бодлоо илэрхийлэх бус дотогшоогоо болсон шинж тэмдэг ажиглагдаж байгаа.
Манай сургуульд 5300 сурагч суралцдаг. Хоёр мэргэшсэн сэтгэлзүйч ажиллаж байгаа. Өдөрт дунджаар 5-6 сурагч сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж авч байна. Хүүхэд бүрт хүрч ажиллахын тулд өөрсдийгөө таниулахад анхаарч байна.
- Өсвөр насныхны сэтгэлзүйн онцлог ямар байдаг вэ?
- Бага ангийн сурагчдын анхаарал төвлөрөлт богино хугацаанд 7-8 минут байдаг. Жишээлбэл, Ерөнхий боловсролын сургуульд хичээл 35 минутын хугацаатай орж байгаа. Тиймээс тухайн хичээлд хүүхдийг хэрхэн идэвхтэй суулгах, мэдээлэл өгөөд өнгөрөх бус мэдлэг олгох зэрэг зөвлөгөөнүүдийг багш нарт өгөх шаардлагатай байгаа.
Сэтгэлзүйч тухайн сурагчийн асуудлыг тодорхойлдог. Ингээд сургуулийн орчны асуудал байвал анги танхимд сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулна. Харин гэр бүлийн хүрээний асуудал байвал тухайн сурагчийн эцэг эхтэй уулзаж зөвлөгөө өгдөг.
- Хүүхэдтэйгээ зөв харилцах асуудалд уншигч, эцэг эхчүүдэд зөвлөвөл?
- Хүүхдийнхээ онцлогийг харгалзан үзэж, бусадтай харьцуулахгүйгээр хүүхдээ байгаагаар нь хайрлаж, ойлгоорой гэж хэлмээр байна. Тухайн хүүхэд хэнтэй ч харьцуулагдаагүй мэдрэмж авснаараа нийгэмд идэвхтэй сурлага сайтай, өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чаддаг хувь хүн болж бэлтгэгддэг. Мөн сурагчдын 60 хувь нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан байна. Энэ бол гарцаагүй утасны хэт их хэрэглээ, гэр бүл сургуулийн орчин байдаг юм шүү. Үүнийг аав ээж, багш, сэтгэлзүйч бидний хамтын ажиллагаа хэрэгтэй юм шүү.
Ярилцсанд баярлалаа.
Уншиж байна |