Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, хөгжил сэргээн засах, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа талаар эцэг, эхийн төлөөллөөс мэдээлэл хийлээ.
Эцэг эхийн төлөөлөл: Монгол Улсад тэгш хамрагжилтын бодлого хэрэгжээд 10 гаруй жил болжээ. Гэтэл өнөөдөр хүүхэд бүр тэгш хамрагдаж чадахгүй байна. Уг хэрэгтээ бид хүүхэд хүчирхийлэл, хүүхэд хамгааллын талаар их ярьдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил хамгааллын талаар ярихгүй үлддэг. Энэ хүүхдүүд чинь нийгмийн нэг хэсэг шүү дээ.
БШУЯ-ын хувьд тэгш хамрагдалтын хууль дүрэм боловсрогдсон одоо сайхан ирээдүйг бий болгоно гэж ярьсан хэдий ч хөрсөн дээрээ буугаагүй л байна. Учир нь тухайн хүүхдэд тохирох сандал ширээ зэрэг тохируулга эд зүйлс байхгүй, туслах багш байхгүй, тухайн хүүхдэд зориулсан хөтөлбөрүүд болон дэмжих үйлчилгээ (сэргээн засах үйлчилгээ) байхгүй байна.
СӨБ болон ЕБС-д суралцаж байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын 68 хувь нь тохируулгат орчин нөхцөл бүрдээгүй ердийн сургуульд суралцаж байна.
Дэлхийд байгаа тэгш хамрагдалт гэдэг үгийг Монгол руу орчуулаад зөвхөн сургуульд орох тухай л орчуулсан байсан. Гэтэл тухайн хүүхэд энгийн ч бай тусгай ч бай аль ч сургуульд очсон бүхий л орчин нь бүрдсэн тохиолдолд тэгш хамрагдалт гэдэг үгний жинхэнэ орчуулга таарах гээд байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11 835 хүүхэд байна. Тэдний 1498 нь сургуулийн өмнөх боловсролд, 5673 нь ЕБС-д суралцаж байна. Харин мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад 1057 иргэн суралцаж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав ээжүүдийг нийгэм ялгаварлан гадуурхаж байна. Тийм хүүхэдтэй болсноор аав ээж нь ч буруутай, нийгэм ч буруутай зэрэг асуудлаар тэднийг цоожтой хаалганы цаана байлгаж болохгүй. Харин ч тэр хүмүүсийг гаргаж ирээд хэрэгцээтэй байгаа тогтолцоо, үйлчилгээг нь нээлттэй болгоод өгчихвөл хүүхдүүд ч нийгэмтэй хөл зэрэгцэн алхана аав ээжүүд нь ч эзэмшсэн мэргэжлээрээ улс орондоо ажиллах уян хатан нөхцөлтэй болно шүү дээ. Иймд ЭМЯ, ХНХЯ, БШУЯ дор бүрнээ хүүхэд нэг бүрд хүрэх үйлчилгээ, зохицуулалтыг эрчимтэй хийж өгөхийг шаардаж байна.
Уншиж байна |