НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох саналын тооцооллыг Сангийн яамаар гаргуулна гэж УИХ-ын дарга мэдээлсэн. Ингэж "3 хувиар нэмэгдэх нь зүйтэй" гэж иргэд үзэж байгаа бол нөгөө талд улсын төсвийн орлого багасах эрсдэлтэй гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна.
Иргэн Л.Сүрэн
Нөат-ын буцаан олголтын хоёр хувь үнэндээ юунд ч хүрдэггүй. Тэтгэврийн бид нар буцаан олголтоо л хүлээж суудаг. Гэтэл гаран дээр 10-20 мянган төгрөг л ирдэг. Энэ бол дөнгөж нэг эсвэл хоёр өдрийн л хэрэглээний мөнгө болж байгаа юм. Иймд Нөат-ын буцаан олголтыг таван хувь болгохыг дэмжиж байна.
Иргэн С.Мижидсамдан
Бид орлогынхоо тодорхой хэсгийг нь улсад өгснөөр өөрийнхөө нийгмийн сайн сайхан байдлаа дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах, гудамж талбай, гэрэлтүүлэг гэх мэт нийгмийн барааг хэрэглэхийн тулд төлж байгаа мөнгө. НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирна. Татварын орлогын суурь өргөжих боломжтой. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Төсөвт төвлөрсөн тухайн орлого Засгийн газрын зүгээс иргэдийн амьжиргааг дэмжих цогц арга хэмжээ болж бүх салбарыг дэмжих болов уу гэж харж байгаа.
Хуульч С.Сайннаран
Иргэдийн хувьд нөат-ын буцаан олголтоо 10 хувь болгохыг төр засгаас шаардсаар ирсэн. Бусад улс орны хувьд хүн амын тоо, худалдан авалт цалин зэргээс хамаарч татварын бодлогоор буцаан олголтыг тогтоодог шүү дээ. Манай улсын хувьд буцаан олголтыг нэмэгдүүлэх юм бол төсөвт төвлөрөх татварын хэмжээ багасаж, иргэдэд очих мөнгөн дүн нэмэгдэнэ.
2022 онд гэхэд л улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн НӨАТ орлого төвлөрчээ. Үүнээс харвал НӨАТ нь төсвийн орлогод онцгой хувь нэмэртэй. Үүнээс гадна татварын туршлага багатай манай улсад НӨАТ-ын сугалаагаар дамжуулан иргэдийг идэвхжүүлдэг. Мөн 2 хувийн буцаан олголтоор өнгөрсөн онд 257 тэрбум төгрөг, хонжворын сугалаанд 14 орчим тэрбум төгрөгийг иргэдэд олгосон байна.
Олон улсын хэмжээнд НӨАТ-ын орлого нь нийт төсвийн орлогынхоо 30-35 хувийг эзэлдэг байна. Харин манай улсын төсвийн орлогын 24-27 хувь нь НӨАТ-аар орж ирдэг юм.
Иргэд буцаан олголт гэж яриад байгаа. Уг нь буцаан олголт биш татвараа төлөхгүй байгаа хэсгийг ил болгох гэж баримтаа бүртгүүлснийх нь төлөө урамшуулж байгаа нэг хэлбэр. Энэ урамшууллын дүнг нэмэх боломж байгаа эсэхийг л шаардаад байна гэж хардаг.
Урамшууллын дүнг нэмэхээр татварыг төлж байгаа эцсийн хэрэглэгчид төдийлөн ач холбогдолтой биш. Боломжийн амьдралтай хэсэгт дэмжлэг туслалцаа шаардлагагүй. Гол нь орлого багатай хэсгийг НӨАТ-ын урамшууллаар дэмжье гээд байгаа. Гэтэл орлого багатай учраас бага л худалдан авалт хийнэ шүү дээ. Тэгэхээр худалдан авсан дүндээ тохирсон л урамшуулал авна.
НӨАТ-ыг дэлхийн улс орнууд авч ашиглах гол зорилго нь татварын системийг иргэд өөрсдөө хянах боломжийг бүрдүүлж өгч байгаа хэрэг юм. Гэтэл манай улсад НӨАТ -ын буцаан олголтын хувь хэмжээ бага, сугалаа явагдах систем нь эргэлзээтэй гэх мэт асуудал дагуулсан хэвээр байна.
Ц.Наранцацрал
Уншиж байна |