Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр /2023.10.11/ тохиож байна. Энэ өдрийн хүрээнд охид, эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө тэмцэгч, хуульчид, сэтгэлзүйчид нэгдэж төв талбайд 12:00 цагаас тайван жагсаал зохион байгуулж буй.
Тус жагсаалын үеэр хүүхдийн эрх, тэр дундаа охидын эрх зөрчигдөхөөс сэргийлж уриалга үгнүүдийн хүн бүр барьж зогсжээ. Энэхүү жагсаалын дараагаар хөвгүүдийн эрхийн төлөө ч хүний эрхийн төлөө нэгдэх хүсэлтэй хүн бүхэнтэй хамтарч уриалга, нөлөөллийн ажлуудыг хийж байлаа. Тайван жагсаалд ирсэн эцэг эхчүүд өөрсдийн байр суурь болон ямар шийдэлд хүргэхийг хүсэж буй талаараа хуваалцлаа.
Иргэн Б.Мөнхцэцэг
Ард иргэдийгээ хорино, цагдана, торгоно л гэсэн хуультай улс болчихож. Эмнэлэг, сургуулиа нэмэгдүүлэхгүй хэр нь баахан хорино л гэсэн мэдээ мэдээлэл харагддаг болчихсон. Энэ нь хорих байгууламжаа ихэсгэнэ гэж байгаа хэрэг үү. Үүний оронд хамгийн их асуудал болоод байгаа хүүхдүүдийн амьдарч буй орчинг аюулгүй болгомоор байна. Манай гэр бүлийн хувьд хашаа байшинд амьдардаг. Гэтэл бидний амьдарч буй орчин хашааныхаа хаалгыг онгойлгохоос эхлээд ч хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хашаанаас дөнгөж гарахад л хаанаас ч юм машин гэнт гараад ирнэ. Үүнийг мэдэхгүй хүүхдүүд гэмтэж бэртэх тохиолдол их гардаг. Ийм л хүүхдэд ээлгүй нийгэмд амьдарч байна. Иймд бүгд нэгдэж ирээдүй болсон хүүхдүүдээ өнгөлөг нийгэмд амьдруулцгаая.
Иргэн Б.Буджав
Одоогийн энэ нийгэмд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж өгөхийг шаардаж жагсаалд нэгдлээ. Энэхүү жагсаалын үр дүн, шийдлийг амьдралд бодитой байхыг хүсч байна. Монголын хууль нийгмийн асуудал цаасан дээр л бий болж, амьдралд хэрэгжиж байгаа зүйлс үгүй болчихоод байгаа юм. Тиймээс хуулиа чангатгаж, хуулийн хүрээнд үр хүүхдүүдийг минь хамгаалж өгөхийг шаардаж байна. Бидний нүдэнд охид эмэгтэйчүүд л хүчирхийлэлд өртөж байгаа юм шиг харагдаж байгаа хэдий ч хөвгүүд залуус ч мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Энэ бол яах аргагүй нийгмийн хүчин зүйлсээс болж байна. Тиймээс энэ нийгэм өнгөлөг болж байж хүүхэд залуус гэлтгүй бүх иргэдийн эрх хамгаалагдана. Хэдий техник технологи хөгжиж, улс орон сэргэж байгаа хэдий ч энэ нь бидэнд асар их хохиролтой болохыг нийгэм харуулж байна. Дор бүрнээ зөв байж, эрүүл аюулгүй орчноо шаардацгаая.
Монголын Тусгай Олимпын Хорооны Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг
Олон Улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тайван жагсаал болж байна. Миний бодолд охидын эрхийг хамгаалах ганцхан өдөр байх ёсгүй. Бид 365 өдөр охид, хөвгүүдийнхээ эрхийг хамгаалах ёстой. Заавал жагсаал цуглаан хийж дээд албан тушаалтнуудаа хүргэхгүйгээр өдөр бүр хүүхдэд ээлтэй нийгэм байгаасай гэсэн үндсэн дээр бид өнөөдөр жагсаж байна.
УИХ-д гарсан эмэгтэйчүүдийг иргэд хүүхэд залуустаа ээлтэй, дорвитой хууль батлуулж, асуудлыг шийдэж өгөөсэй гэсэндээ саналаа өгч их хуралд оруулсан гэж боддог. Харамсалтай нь одоогоор ямар ч ахицтай гаргасан шийдэл байхгүй байна. Тийм учраас ядаж эмэгтэй гишүүдийгээ охид эмэгтэйчүүдийнхээ эрхийн төлөө хууль батлуулж, нөлөөллийн ажил хийгээсэй гэж хүсэж байна.
Бидний амьдарч буй орчин бүгд л хязгаарлагдмал, юманд хүртээмжгүй, гадуурхагдсан хүүхдүүд их байдаг. Манай байгууллага тодорхой хэмжээгээр эдгээр хүүхдүүдийг хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулдаг.
Жишээ дурдахад, Хөдөө орон нутгаар төрсөн ээж аав нь бэрхшээлтэй хүүхдээ гэртээ нууж байна, нийгэмтэй танилцуулахгүй байна, тэр ч бүү хэл эмчийн үзлэгт хүртэл хамрагдуулахгүй байгаа зэрэг маш олон асуудал байна. Энэ мэтчилэн гэр бүлийн гишүүд нь хүүхдийнхээ эрхийг зөрчиж байгаа юм чинь өөр хүмүүс бид нарын төлөө явах эсэхэд эргэлзэж байна.
Чимэг оюу эмнэлгийн сувилагч Ж.Байгалмаа
Би эмнэлэгт ажилладаг, хоёр хүүхэдтэй. Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тайван жагсаал болж байгааг сонсоод ажлаасаа буугаад шууд л зориод ирлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах талаар маш олон жил хэлж ярьж байгаа хэдий ч хараахан зөв шийдэлд хүрч чадахгүй байна. Баахан л шийдвэрүүд гаргаад байдаг. Үүнийгээ зөвхөн цаасан дээр бус амьдралд хэрэгжүүлж зөв шийдэл гаргаж байгаасай гэж хүсэж байна.
Хүүхдийн байгууллагын төлөөлөл П.Наранцэцэг
Би хүүхдийн байгууллагад 17 жил ажилласан. Энэхүү жагсаал бол цаг үеэ олсон тайван жагсаал байна. Энэхүү жагсаалд маш олон хүн ирж оролцохыг уриалмаар байна. Хүн бүр ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө энэ цаг үед дуу хоолойгоо хүргэхгүй бол нийгэм тэр чигтээ харанхуй болчихлоо. Урьд урьдын маш олон жагсаал цуглааныг харахад ямар ч үр дүнд хүрэхгүй замхардаг. Яг энэ жагсаалд хүүхдийнхээ төлөө үр дүнтэй, шийдэлтэй суурин дээрээ хэрэгжих жагсаал байгаасай гэж маш ихээр хүсэж байна. Миний хувьд хүүхдийн байгууллагад чин сэтгэлээсээ ажилласаар ирсэн хүний хувьд хүүхдийн төлөө гэсэн хэн бүхэнтэй хамтарч ажиллаж зөв зүйлийг нийгэмд түгээхийг хүсдэг.
Уншиж байна |