Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон бусад албаныхны хамт тус улсын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шяньши болон албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хил дамнасан ой, хээрийн гал түймрээс сэргийлэх, тэмцэх, алба хаагчдыг сурган мэргэшүүлэх, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Газар хөдлөлтийн хяналтын сүлжээний төсөл болон хот суурин газарт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг ослоос сэргийлэх чиглэлд хамтран ажиллах тухай хэлэлцлээ.
Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Газар хөдлөлтийн агентлаг болон Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын албаны гол зорилго болох олон улсын эрэн хайх, аврах дунд түвшний багтай болоход нэн шаардлагатай сургагч багш нарыг бэлтгэх, алба хаагчдыг Онцгой байдлын удирдлагын яамны Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын төвд сургах, Хятадын олон улсын эрэн хайх, аврах багийн сургагч багш нарыг Монгол Улсад хүрэлцэн ирж манай онцгой байдлын аврагч, алба хаагчдыг сургах, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо.
Мөн БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шяньши манай хоёр орны холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийг Онцгой байдлын удирдлагын яамны тусламжтайгаар чадавхжуулах, урт, дунд болон богино хугацааны сургалт, дадлага сургуулиудад хамруулах, манай улсад бэлтгэхэд хүндрэлтэй нарийн мэргэжлийн буюу орон зайн мэдээллийн систем, мэдээллийн технологи, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн удирдлага, харилцаа холбоо, зарлан мэдээлэл, эрэн хайх аврах чиглэлээр манай алба хаагчдыг сургаж, бэлтгэхэд анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр ОБУЯ-ны Гамшгийн удирдлагын төв болон Гамшгийг бууруулах тооцоолох танхимтай танилцлаа.
Уншиж байна |