Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгийн хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн болон “Барс” зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй таван жил болж байгаа талаар хохирогчийн ээж мэдээлэл хийлээ.
Талийгаачийн ээж: Хүү минь 2017 оны гуравдугаар сард бусдын гарт амиа алдсан. Энэ хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүртэл явж байна. Хүүгийнхээ төлөө шүүхэд хандаж, өргөдөл өгч эхэлсэн. Гэтэл хэрэг улам сунжирсаар хэрэг нь дарагдлаа. Миний хүү 27 настай байсан. Хорвоо дээр ирсэн ганц хүү минь байсан. Хэт их авилгажсан улс төр олон ээжийн нулимсыг гаргаж байгаа байх. Үнэ цэнгүй Монгол хүн гэж байхгүй шүү" гэв.
Өмгөөлөгч А.Энхбуурь
Энэхүү хэрэг анх 2017 оны гуравдугаар сарын 17-нд, Барс зах дээр болсон. Н.Чинзориг гэгчид зодуулж нас барсан байдаг. Хэрэг шийдэгдэхгүй байгаа шалтгаан нь мөрдөн байцаагч нь авлига аваад, прокурор хэрэгсэхгүй болгож, шүүх цагаатгасан явдал.
Шүүх эмнэлгийн дүгнэлт гол судасны цүлхэн хагарснаас болж газар дээрээ нас барж, хөдөлгөөн хийх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.
БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Г.Батсайхан гэгч анх шалгаж, мөрдөж байсан. Тангаргаа зөрчиж, анхнаас нь будилаантуулах эх үүсвэрийг тавьсан. Мөн хяналтын прокурор М.Мөнхцэцэг хэрэгсэхгүй болгож байсан. Үүний дагуу УЕП хүртэл гомдол гаргаж, мөрдөн байцаалтад буцаасан. Гэсэн хэдий ч хэргийн нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон. Цагаатгах явцад буюу 2018 оны сүүлчээр Г.Батсайхан гэгч нь авлига авсан нь илэрч шалгагдаж эхэлсэн байдаг юм.
Ингээд 2021 онд Г.Батсайханы авлигын хэрэг тусдаа хэрэг явж, шийдэгдсэн. Дөрвөн жилийн ял авсан. Гэвч давж заалдан, хөөн хэлэлцэх хугацааг хожих замаар явсаар ноднин дахин шүүхээр орж, торгох ял болгуулсан.
“Эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь тогтоогдсон бол” гэх үндэслэлээр бид дахин шүүхэд хандах эрх нээлттэй болсон. Энэ дагуу жил гаруйн өмнө өргөдлөө өгсөн ч одоо хүртэл шалгаагүй, хариу өгөөгүй байна. Хууль, цагдаа, прокурор шүүхийн шатанд хэргийн нотлох баримтыг цуглуулж идэвхжүүлэх, шалгах, үнэлэх асуудлаа хуулийн хүчин төгөлдөр өөрт оногдсон шударга ёсны үүргээ биелүүлээгүй. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилсэн. Мөрдөн байцаагч авилга аваад, прокурор нь хэрэгсэхгүй болгоод, шүүх нь цагаатгасан" хэмээв.
Уншиж байна |