Анхаарал болгоомжоо жаахан ч сулруулж болохгүй зүйл бол хүүхэд хамгаалал гэдгийг ойлгох хугацаа хангалттай өнгөрсөн. Эцэг, эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хариуцлагатай байхгүй л бол нүд ирмэх зуур ямар аюул болдгийг Монголчууд бишгүй амслаа.
Хүүхдийн хараа хяналт сул байснаас болж сүүлийн хоёр гуравхан сарын дотор хүүхдүүд гэрийнхээ цонхоор үсэрсэн, 12 настай охин гэрийнхээ ойролцооноос алга болж, амь насаа алдсан зэрэг ээлж дараалан эмгэнэлтэй хэрэг гарлаа. Энэ бүхэнд нийтээрээ гашуудаж, төр засгийг зүхээд өнгөрдгөөс биш анхаарал сэрэмжээ дээшлүүлж байсан бол дээрх харамсалтай хэргүүд гарахгүй байлаа. Тиймээс хүүхдээ хамгаалахад эцэг, эхчүүд хариуцлага, сэрэмжээ дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Монголын нөхцөлд бүх хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулах, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ хараад гэртээ суух боломж хомс. Олон балчир хүүхдээ гэртээ цоожлоод ажилдаа явдаг нь өнөөдрийн бодит байдал. Нэгэнт үүнтэй эвлэрэхээс өөр аргагүйгээс хойш төрд хүүхэд хамгаалах бодлого алга гэж том дуугарч, хийсвэр мөрөөдөхөө больё. Харин үүний оронд эцэг, эхчүүд дор бүрнээ хүүхдээ хамгаалж болно. Наад зах нь л хүүхдүүдээ үлдээгээд ажилдаа явахдаа сониуч занг нь хөдөлгөж аюулд оруулах бүхнийг хол тавьж байя. Усны крант, цахилгааны залгуур, халуун сав, ус буцалгагч, асаагуур, хийн плитка гээд хүүхдийг аюулд оруулж мэдэх бүх эд зүйлсээ шалгаж нягталдаг болчихвол хүүхэд хамгаалалд бага ч болов ахиц гарна.
Мөн өндрөөс унахаас сэргийлж цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, хаалт хязгаарлалт заавал хийх. Танихгүй хүнд хаалга онгойлгож өгч болохгүй, өөрөө гал түлж, ус буцалгах гэж оролдохгүй байхыг сайн захиж хэлэх, төрөл бүрийн цэвэрлэгээний бодисыг далд газарт хадгалах хэрэгтэй. Мэдээж боломжтой бол бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээж болохгүй.
2022 онд гэмт хэргийн улмаас 2014 хүүхэд хохирч, 1258 гэмт хэрэгт хүүхэд оролцож, 1540 хүүхэд гэмт хэрэгт холбогдон, 92 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан байна. Мөн 205 хүүхэд бэлгийн, 117 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болжээ. Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороогоор 1491 хүүхэд үйлчилгээ авсан байна.
Тиймээс эцэг, эхчүүд энхрий үрээ хамгаалахын тулд эхлээд өөрсдөө хариуцлагатай хандаж ахуйн ослоос сэргийлэх нь зөв юм. Үр хүүхдээ хамгаалах хамгийн зөв зүйл нь хүүхэд хамгааллын бодлогыг гэртээ хэрэгжүүлж, аюулгүй орчинг нь бүрдүүлье.
Уншиж байна |