Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Монголын Тусгай Олимпын Хороо үүсэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тохиолдуулан Хууль Сахиулах, Батлан хамгаалах, Хил хамгаалах байгууллагуудтай хамтарч Бамбар Залах Гүйлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт 500 гаруй хүн оролцож, олон зуун Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсээ дэмжиж, Тусгай Олимпын өвөл зуны Наадамд амжилттай оролцсон тамирчдаа алдаршуулж, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүллээ.
Тусгай Олимпын хөдөлгөөн өрнөөд өдгөө 55 жил болж байна. 1968 онд АНУ-д Юнис Кеннеди Шрайверийн санаачилгаар анхны Тусгай Олимпын Наадмыг Оюуны бэрхшээлтэй 1000 тамирчинтай эхлүүлж байсан бол өнөөдөр 190 оронд 7 сая гаруй Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийг эгнээндээ багтаасан дэлхийн хамгийн том Спортын, Хүмүүнлэгийн байгууллага болжээ.
МТОХ-н 44 тамирчин спортын 9 төрлөөр Берлинд болсон Зуны наадамд амжилттай оролцож 25 медальтай эх орондоо ирлээ.
Монголын Тусгай Олимпын Хороо нь 2013 онд байгуулагдаж өнөөдөр 6000 гаруй оюуны ялгаатай тамирчид, 200 дасгалжуулагч, 500 сайн дурын ажилтан. 1800 гаруй эцэг эх, асран хамгаалагчдыг эгнээндээ багтаажээ. Энэ жил Монголын Тусгай Олимпын Хороо нь түүхт 10 жилийн ойгоо тамирчдын ололт амжилтаар дүүрэн, олон нийтэд хүртээл болсон нөлөөллийн ажлаар арвин тэмдэглэж байна.
Уншиж байна |