Ханжоу 2022 Азийн наадамд Монголын Dota 2-ын шигшээ баг финалд Хятадын шигшээ багтай тоглож мөнгөн медаль хүртсэнээр Азийн наадмаас анх удаа и-спортын төрөлд медаль авч түүхэн амжилт бүтээлээ.
Монголын шигшээ багийн хувьд Dota 2-ын хамгийн том лиг болох DPC-д тоглодог "IHC Esports" багийн тоглогчид бүрдүүлсэн. Бүрэлдэхүүн: А.Билгүүн, О.Сүхбат, Б.Мөнх-Эрдэнэ, Н.Батбаясгалан, Д.Төгстөр байлаа. Бахдам амжилт гаргасан тамирчид сэтгэгдлээ хуваалцлаа.
- Юуны өмнө Азийн наадмын и-спортын Дота2 төрөлд эх орныхоо нэрийг гаргаж мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Бид тоглолтынхоо эхэнд бараг хасагдах магадлалтай багаар нэрлэгдэж байсан. Гэсэн хэдий ч өнөөдөр мөнгөн медалийн эзэд болсондоо маш таатай сайхан байна.
- Эзэн орны багтай өрсөлдөж байх үеэр үзэгчдийн суудлаас эсрэг дайралт бас хийж байгаа харагдсан?
- Мэдээж үзэгчдээс тоглоом эхлэхээс л шуугилдаж, биднийг сатааруулах гэж оролдсон. Маш их шуугиантай байсан болохоор жоохон дарамт мэдэрсэн. Хэдий эзэн багийн хөгжөөн дэмжигч нар дайралт их өгсөн ч гэсэн Монголд байгаа биднийг дэмжсэн та бүгдийн итгэл сэтгэл мэдрэгдсэн тиймээс аль болох тоглоомондоо л анхаарахыг хүссэн. Хүчтэй багийн эсрэг сайн тоглож чадсан учраас нээх харамсаад байх зүйл байхгүй сэтгэл сайхан байна. Дараа дараагийн тэмцээнд бид алтан медаль авахын төлөө хичээх болно.
- Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?
- Ерөнхий дөө хэтэрхий амархан зүйл гэж бодсон. Гэтэл зарим үед түүндээ хүрч чадахгүй унахад урам маш их хугардаг. Сүүлд бодоход огт санаа зовох хэрэггүй байсан гэдгийг ойлгосон. Одоо л заавал өөрийгөө харуулна гэж улайрах үед тоглолтууд мууддаг. Цагийн юм цагтаа л ирдэг. Дота гэдэг спорт нь өөрөө хэдэн товчлуур дараад суудаггүй, их ухаан шаардсан спорт. Иймд бид цаг тутамд тактик боловсруулж, дасгал сургуулилт хийдэг.
- Дараагийн зорилгоо уншигчдадаа хуваалцвал?
- Дота тоглогчдын хувьд MaJor TI гэсэн тэмцээн байгаа. Тэрхүү тэмцээндээ амжилттай оролцохын тулд хичээж ажиллана гэсэн зорилготой байна даа.