Олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны газрыг өөрийн хувьцаа эзэмшдэг “Өөжин” ХХК-ийн мэдэлд авч, улмаар “Тамирчдын нөхөн сэргээх төв”-ийн зориулалт бүхий 5 давхар барилгад “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах эмнэлгээ оруулсан асуудал цахим орчинд шүүмжлэл дагуулж байсан. Харин сүүлийн үед дахин “Өөжин мед” эмнэлгийн ард талд 20 давхар “Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор”-ыг бариулахаар барилгын ажлаа эхлүүлсэн байгаа нь ойр орчмын оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж байна.
210 дугаар байрны оршин суугчид: Шөнө орой нялх хүүхэдтэй байхад барилгаа ажлаа хийж бидний амгалан тайван амьдрах эрхэнд халдаж байна. Энэхүү шинэ барилга нь манай орон сууцнаас 5 метр хүрэхгүй газарт баригдаж байна. Энэ нь хотын стандартын 70/30 гэх харьцаа алга байна. Цэнгэлдэх хотхоны 1200 гаруй оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна.
Энэхүү барилгад хотын стандартыг хангах юу ч байхгүй байгаа учир бид хотын стандарт газарт гомдол гаргасан. Хотын стандарт газрынхныг ирж шаардлага тавьж өгөөч хэмээн хүссэн боловч одоог хүртэл чимээгүй байна. Мөн “Өөжин” ХХК-д олгосон газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож өгөхийг хүсэж, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт гомдол гаргасан.
Хорооны зүгээс энэхүү зөвшөөрөл хууль бус хэмээн үзэж иргэдээс ирсэн санал гомдлыг дүүрэг рүү уламжласан. Дүүргээс цаашаа холбогдох байгууллага болох Барилга, Хот Байгуулалтын Яам болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт мэдэгдсэн.
Аливаа газрын албан тушаалтнууд нийтийн өмчийг хувийн өмч болгон ашиглаж, эрх мэдэлтнүүдийн гарын салаагаар гарсан энэ мэт увайгүй үйлдлээс болж, энгийн иргэд хохироод үлдэх нь харамсалтай. Мөн эрх мэдэлтнүүдийн өмнө хүчин мөхөстсөн үү гэлтэй олон нийтийн талбайн газрыг нэг хүнд өгч байгаад Ц.Тулга та тайлбар өгнө үү" гэв.
Ц.Наранцацрал