Өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийгмийн сүлжээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлэгдэж байгаа автобуснууд хуучин байгаа талаарх мэдээлэл тархсан.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийн үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Евро дизель хөдөлгүүртэй “Daewoo” брэндийн 100 автобус орж ирсэн. Эдгээр автобусыг үйлдвэрээс гарсан цагаас хойш хүлээж авах хүртэл Ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус автобуснууд хуучин уу, үгүй юу гэх асуудал дээр ч шинжээчид болон техникийн эрдэмтэн, багш нарыг оролцуулсан буюу давхар Ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан” гэсэн.
Тэгвэл нийтийн тээвэртэй холбоотой асуудалд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, техникийн шинжээч томилон шалгаж эхэлсэн байна.