Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан оруулж ирсэн Ногоон автобусны талаар ХҮН-аас мэдээлэл хийлээ.
ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Өнөөдөр улсын төсвөөр 810 автобус авлаа гэж ярьж байна. Бид өчигдөр Тэнүүн Огоо компанийн автобусны I баазад очиж ногоон автобусыг үзлээ. Дизель хөдөлгүүртэй, 600 ногоон автобус худалдаж авсан. Нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгаар авсан. Үүн дээр нэмээд 150 ширхэг цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна гэр хороололд ашиглах дунд оврын 50 ширхэг автобус оруулж ирж байгаа гэсэн тайлбарыг өгч байна.
Тэнүүн Огоо компани 810 автобусыг худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулалтаар авсан гэж тайлбарласан. Энэ бүрэлдэхүүнээр автобусуудыг очиж үзсэн. Энэ автобус шинэ үү, хуучин уу гэдэгт мэргэжлийнхэн хариу өгөх ёстой. Энэ худалдан авалтыг нууцалсан нь бидний анхаарлыг маш их татаж байгаа.
ХҮН-ын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга А.Отгонбаяр: Ногоон автобусыг арлын дугаар нь шалгахад 1993 онд үйлдвэрлэгдсэн мэдээлэл гарч ирж байна. Арын багаажны хэсгийн будаг, замаска хэрхэн бохир заваан хийгдсэн нь харагдана. Урд хаалганы хэсэгт зэвтэй. Автобусны доод хэсгийн эрэг боолт нь дутуу. Дунд хаалганы будаг хийсэн цаасан скоч нь хүртэл байна. Эндээс харахад энэ автобусыг үйлдвэрлэлийн аргаар бус гар аргаар угсарсан нь харагдана.
Машин техникийн үйлдвэрлэлд эхлээд бүх деталийг захиалж, миллметрийн алдаагүйгээр зураг төсөл гардаг. Будаг хийсний дараа эд ангиудыг суурилуулдаг. Гэтэл энэ автобусны бүх зүйлийг суурилуулсны дараа нэмж будаг хийсэн байна. Тэгэхдээ маш бохир хийсэн.
ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга: Ж.Сүхбаатар сайдад "автобусыг худалдаж авах гэрээ байгуулах" ганцхан ажил өгсөн. Гэтэл 1993 онд үйлдвэрлэсэн автобус оруулж ирээд сууж байна. Хамгийн түрүүнд Ж.Сүхбаатар сайд огцрох ёстой. Ингээд зогсохгүй ямар компанитай гэрээ байгуулсан талаар бид тултал нь явна. Шаардлагатай гэвэл үйлдвэрлэсэн Вьетнам улс руу явна" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Хэрлэн