Монголын Тусгай Олимпын хорооны манлайлагч тамирчдын нэг болох Б.Уянгалянхуатай ярилцав. Тэрбээр Берлин-2023 тусгай олимпод волейболын төрлөөр өрсөлдөж хүрэл медалийг хүртээд буй. "Багийн спорт нь үг яриагаар явагддаг спорт биш. Учир нь хүний харилцааны бусад хэлбэр болох биеийн хэлэмж, харц болон нүүрний хувирал нь багийн спортын хамгийн чухал нэг хэсэг байдаг" гэх мэтчилэн өөрийн сурч мэдсэн зүйлсээ бусдадаа харамгүй хуваалцсан Б.Уянгалянхуагийн спортын ертөнцөөр аялцгаая.
-Cайн уу. Өөрийгөө уншигчдадаа танилцуулаарай?
- Сайн байна уу. Намайг Батсүхийн Уянгалянхуа гэдэг. Би 17 настай. Ховд аймгийн насан туршийн боловсролын төвд суралцдаг.
- Ямар спортоор хичээллэдэг вэ?
- Би гар бөмбөг, агаарын теннис, гүйлтийн спортоор хичээллэдэг. Би багтаа гол тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг. Долоо хоногт хоёр удаа бэлтгэл хийж байгаа. Бэлтгэл хийхэд огт ядардаггүй, улам илүү хичээж гоё байдаг.
- Гар бөмбөг тоглохын тулд ямар ямар ур чадвартай байх шаардлагатай вэ?
- Багшийнхаа хэлж байгаа зүйлийг сайн сонсож, цагийн юмыг цагт нь хийснээр цаашид илүү сайжирч, сайн тоглодог болно гэж боддог. Анх 2021 оноос хойш гар бөмбөгийн спортоор хичээллэж байна. Мөн н.Мөнх-Эрдэнэ багш маань биднийг "Бие биеэ сайн ойлгож, сонсох нь хамгийн чухал" гэж зааж зөвлөдөг. Мөн тэмцээний өмнө сэтгэлзүйгээ бэлдэх нь чухал санагдсан.
- Гар бөмбөгөөс гадна хоёр төрлийн спортоор хичээллэдэг шүү дээ. Ерөнхий спортоор хичээллэхэд ямар ямар ур чадварыг шаарддаг юм бэ?
- Агаарын теннисээр хичээллэхэд хурдтай байх, мэдрэмжтэй байх шаардлагатай байдаг. Харин гар бөмбөгийн спорт бол багаар ажиллах чадвар мөн олон төрлийн техникийг шаарддаг. Биеэ хөгжүүлсэн, эвсэлтэй болсон, Олон найзууд, багш нартай болсон. Багийн спорт нь үг яриагаар явагддаг спорт биш. Учир нь хүний харилцааны бусад хэлбэр болох биеийн хэлэмж, харц болон нүүрний хувирал нь багийн спортын хамгийн чухал нэг хэсэг байдаг.
- Заа тэгвэл спортоор хичээллэхийн давуу тал нь юу юм бэ?
- Хамгийн чухал нь биеэ эрүүл байлгах, хүмүүстэй ойлголцох чадварт суралцсан минь спортын давуу тал гэж боддог.
- Сэтгэлд үлдсэн хамгийн том тэмцээнийхээ талаар?
- Баруун таван аймгуудаар явж тэмцээнд оролцож байсан. Улаанбаатарт болсон Агаарын теннисийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль авч түрүүлж байсан. Авч байсан медалиуд дундаас хамгийн гоё медаль нь энэ медаль байдаг.
- Тэмцээн ялж, ялагдах ямар байдаг вэ?
- Ялах, алтан медаль авах маш гоё мэдрэмж байдаг. Ялагдах нь жоохон онцгүй байдаг. Гэхдээ дараа дахиад хичээгээд ялна гэж боддог.
- Одоо чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Би шигтгээн наамал хийдэг. Яг одоо хийгээд сууж байна. Манай гэрээр миний хийсэн гурав дөрвөн наамал хананд өлгөөтэй байгаа. Мөрөөдлийн байшин, мөнгөний мод зэргийг нааж хийж байсан. Наамал наахаар тайвширч, толгой сэргэг болдог учраас чөлөөт цаг гаргавал шигтгээтэй наамлаа наагаад л суух дуртай.
Наамлаас гадна дуу сонсох дуртай. Тэр тусмаа ээжийн, аавын тухай дуунд их дуртай. Өөрөө дуулж чаддаггүй ч гэсэн сурах гэж хичээж байгаа.
- Чи хэр олон найзтай вэ?
- Би маш олон найзуудтай. Найзуудтайгаа чөлөөт цагаар зүгээр л олон төрлийн сэдвээр юм ярьж суух дуртай.
Ховд аймгийн хувьд онцлог нь юу байдаг вэ?
Ховд олон ястны өлгий нутаг байдаг. Өвөлдөө ер нь их хүйтэн байдаг. Гэхдээ одоо бол дулаахан байна.
- Ховд аймгийн удирдлагууд хувьд тамирчдаа хэр дэмждэг вэ?
- Аймгийн хувьд бол нээх их дэмждэггүй. Хорооноос л их дэмжиж, тэмцээнд уралдаанд дагуулж ордог.
- Хотод хэзээ сүүлд орж ирсэн бэ? Ямар байсан бэ?
- 2019 онд орж ирсэн. Хотод маш гоё байсан. МТОХ-ын залуу тамирчидтайгаа уулзаад гоё байсан. Одоо завхан, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймгуудад 7 7 хоногоор очиж бэлтгэл хийж байгаа. Удахгүй Говь-алтай явна.
- Ойрын зорилго болон талархаж явдаг хүмүүстээ хандаж үг хэлээч?
- .Би ирээдүйд мундаг тамирчин болно гэж боддог. Мөн намайг энэ хүртэл тусалж дэмжиж ирсэн бүх хүмүүст баярлалаа. Та бүхний ачаар би илүү мундаг болж байгаа шүү. Ээждээ хайртай шүү гэж өдөр бүр хэлдэг. Цаашид илүү их амжилт гаргах болно гэж хэлмээр байна.
- Ярилцсанд баярлалаа
Уншиж байна |