НЭМЭЛТ: Үргэлжүүлэн хэргийн оролцогч хоёр өмгөөлөгч ирээгүй учраас шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг Б.Бат-Ерөөлт өмгөөлөгч гаргалаа. Мөн Н.Цэцэгмаа "Миний зүгээс Бямбасүрэн, Ганхүү, Түмэнцогт гэсэн гурван гэрч оролцуулахаар бичгээр хүсэлт гаргасан. У.Бямбасүрэн гэх гэрчийн хувьд Ерөнхий сайдтай хөдөө ажлаар явж байгаа. Бямбасүрэнг заавал оролцуулах шаардлагатай байна. Ганхүү утас нь холбогдохгүй. Түмэнцогт ирсэн" гэлээ.
Үүний дараа гэрчүүд байхгүй, өмгөөлөгч нь хэрэгтэй танилцах шаардлагатай зэрэг хүсэлтийг шүүгчид хэлэлцэхээр шүүх хуралдааныг түр завсарлууллаа.
Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүх хурал болж байна.
Шүүх хуралдааны эхэнд Б.Ганхуягийн өмгөөлөгч Г.Ганцэцэг "Есдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн миний үйлчлүүлэгч Б.Ганхуягийн бие муудсан. Есдүгээр сарын 24-ны өдрөөс эмнэлгийн тусламж авч эхэлсэн. Намайг есдүгээр сарын 25-нд очиход даралт унаж, бөөлжиж, халуурсан байдалтай байсан. Цөсний хүүдийн үрэвсэл болон, нойр булчирхайн үрэвслээс шалтгаалан даралт унасан байж магадгүй гэсэн оношийг эмч тавьсан. Иймээс миний үйлчлүүлэгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эрүүл мэндээ хамгаалуулах шаардлагатай байна.
Анх цагдан хоригдох үед буюу 2023 оны хоёрдугаар сард ямар ч өвчин эмгэгүй гэсэн тодорхойлолтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байсан. Одоогоор даралт унасан байдалтай байгаа нь цус харвалтын эхний шинж тэмдэг гэж үзэж байна. Мөн цусны улаан эс ихэссэн нөхцөл байдалтай байгаа учраас цаашид нарийн мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Хэрэг шүүхэд шилжсэн учир хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилсан гэж үзэж байна. Иймээс миний үйлчлүүлэгчийг Эрүүл мэндээ хамгаалуулах нөхцөл бололцоогоор хангаад Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна" гэсэн хүсэлт гаргалаа.
Гэвч шүүх түүний хүсэлтийг хүлээж авсангүй.