Хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа сугалаа явуулдаг байсныг болиулсан ч сугалаагаар азаа үздэг байдал боловсролын салбараас салахгүй нь ээ. ЕБС-ийн сурагчид сурах бичгийн хүрэлцээ муугаас болоод номоо сугалаагаар авдаг болоод удаж байна. Нэг ангийн 2-3 хүүхэд тутмын нэг нь л сугалаанд хожих бөгөөд үлдсэн хоёр хүүхэд нь сурах бичгийн эрэлд гараад байгаа юм.
2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 746 мянган сурагч суралцаж байна. Үүний 50-60 хувь нь сурах бичгээ түрээсэлж үлдсэн хүүхдүүд нь зайлшгүй худалдаж авах шаардлагатай тулгарч байгаа юм.
Сурах бичгийн хүрэлцээний талаар Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 44 дүгээр сургууль, болон Нийслэлийн ерөнхий боловсролын 53-р сургуулийн сурагчид болон багш нараас тодрууллаа.
44-р сургуулийн багш О.Шинэцэцэг
Нэг ангид дунджаар 30-50 хүүхэд суралцдаг. Гэвч эдгээр хүүхэд жил болгон бүгд сурах бичигтэй болж чадахгүйд хүрдэг. Учир нь боловсролын ерөнхий газраас ЕБС-уудад олгодог сурах бичгийн тоо хязгаартай билээ. Дунджаар нэг ангид 20-25 багц номыг түрээсээр ашиглуулдаг. Гэвч энэ тоонд бүх сурагч хамрагдах боломжгүй учраас сугалааны гадна үлдсэн сурагчид өөрсдөө номоо хайж олон худалдаж авахаас өөр аргагүйд хүрч байна.
53-р сургуулийн сурагч А.Тэмүүжин
Нэг анги 35-40 хүүхэд суралцаж байна. Сурах бичиг хагаст нь л хүрдэг. Өчигдөр гэхэд л манай ангид сурах бичгийн сугалаа явагдсан. Би сугалаанд бүтэлгүйтсэн. Тэгэхээр өөрөө гадуур л сурах бичгээ хайх байхдаа. Гэхдээ нэг азтай зүйл нь миний хажууд суудаг охин сугалаа сугалаанд азтай байсан болохоор түрээсийн сурах бичих авахаар болсон. Түрдээ ширээнийхээ найзын номыг хуваалцана даа. Бүр болохгүй бол цахим номоо л харах байх. Гэхдээ багш утас ашиглахыг хориглодог болохоор яахаа сайн мэдэхгүй байна.
Иргэн Х.Эрхэм
Манай хүүхэд 53-р сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Хүүхэд маань сугалаанд оролцоод өөрөө сурах бичгээ худалдаж авахаар болсон. Сурах бичиг гадуур их үнэтэй байсан. Жишээ нь математикийн ном 20 мянган төгрөгийн үнэтэй байсан. Багш нар заавал цаанаас нь он зааж явуулаад байдаг. Тэгэхээр олдоц их муу байгаа юм. Боловсролын салбар хэзээ бүх хүүхэддээ хүртээмжтэй ажилладаг болох юм бол доо. Энэ байдлаараа жил болгоны намар олон асуудалтай хүүхдээ сургуульд нь суралцуулж байна шүү дээ.
53-р сургуулийн сурагч Т.Анхил
Ангид 20 ном л өгдөг. Гадуур номын худалдааны төвд 10-20 мянган төгрөгийн хооронд л худалдаалдаг юм билээ. Тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд явж өгч байна. Үнэхээр хичээлээ хийхгүй бол болохгүй юм чинь яаж ийж байгаад хуучин сурах бичиг худалдаж авахыг хичээнэ дээ.
Уншиж байна |