"Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж, Б.Ганхуяг нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргаснаар хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Түүний шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авсны дараа Б.Ганхуяг "Хүсэлтийг хүлээн авсанд талархаж байна. Хүсэлтийн хариу нь тодорхой бичигдсэн байна. Яг үүнтэй адил ялын тогтоол бичигдсэн байх. Би Монгол Улсын хууль, шүүх засаглалын хараат бус байдал, бие даасан, тунгалаг, барьцаалагдаагүй байх зарчмыг ярьсан. Өмнө нь хонгилын шүүх гэдэг байсан. Одоо барьцаалагдсан шүүгч нар гэсэн асуудал гарч ирлээ. Гуравхан зүйлийг ярина. Үүнийг битгий яллаарай.
1.Шүүгч та АТГ-аас лавлагаа бичиг аваач ээ. Барьцаалагдаагүй гэдгийг чинь би яаж мэдэх вэ? Намайг 9 сар хорилоо. Б.Ганхуягийг гаргаж, үгийг нь ард түмэнд сонсгохгүй юм байна. Энд байлгах сонирхолтой хүмүүс байсаар байна. Тэр лавлагаа ирж байж би танд итгэнэ. Надад жижиг ч гэсэн итгэл хэрэгтэй. Энэ итгэл байх юм бол үгээ хэлмээр байна.
Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Энэ бүгд бусдын танилцуулсан асуудал. Надтай танилцсан хүн болгоны хүүхдийн гэрчилгээг над дээр биччих. Би ялыг нь үүрээд явъя.
Б.Ганхуяг намайг болон бусад хүмүүсийг золиосолж байна. Улс төрийн золиос болгочихлоо. Бид энд золиослогдоод, тэд тэнд тамгатайгаа, төртэйгээ үлдэж болохгүй.
11 хүний хэргийг уншаарай. Гүйдэг хаалга, модон хаалга, чирдэг жорлонгийн хэрэг. Жорлонг нь хураалаа гэж өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу. Үүнд итгэдэг ард түмэн байхгүй.
Нүүрсний том төслүүд байна. Ардах эзэн нь Т.Аюурсайхан юмуу? Энэ энд юу хийж суугаа юм бэ. Надтай найзалсны төлөө суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя.
Сүртэй яригдаад байсан оффтейк гэрээ, хил, гааль, нүүрсний тендер хаана байгаа юм бэ? Дараад үлдэх юмуу? Надад жорлонгийн хэрэг чихчихээд өөрсдөө ард нь үлдчих юм уу?
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар билүү. Тэр нөхөр Солонгост орд зарсных нь хариуд ирсэн мөнгийг над дээр биччих юмуу? Эцэггүй хүүхэд байвал бүгдийг нь над дээр биччих гэдэг шиг.
Нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлүүд гадаа байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн яаж санхүүждэг юм, яамдаас хэдийг авдаг юм. Би үүнийг яримаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Би 2007 оноос хойш энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэддэг хүн байхгүй. УИХ дээр яагаад надгүйгээр нүүрсний хэргийг яриад байгаа юм бэ.
2.Нүүрсний гэх хэргээр 68 хүн баригдаад би ганцаараа үлдсэн. Намайг байлга байлга, би байж л байя. Намайг шоронгоос гаргавал маш олон хүний зүрх зогсох гээд байна. Гадаа гаргаж, үг хэлүүлэхгүй байна. Үгээ хэлэх боломжгүй учраас ганц боломжоо энд ашиглаж байна.
3.Хэргийн хуваарь наймдугаар сарын 1-нд шүүхэд очсон гэсэн. Хэргийн хуваарийн талаар шүүгч та ярьсангүй. АТГ ч танд бичиг өгдөггүй юм байна. Ядаж тамгын газраасаа бичгээ авчирсан бол би танд итгэж яримаар байна. Та байсаар байвал би энд юу ч яриад хэрэггүй. Угаасаа ялын тогтоол бичигдсэн байгаа.
Маргаашнаас эхлээд хүмүүс ар араасаа хэвлэлийн хурал хийнэ. Хамгийн их юм ярьсан нь нүүрсний эзэн шүү.
УИХ, Засгийн газар, нам, эрх баригчид, бүх хар масс над руу тэр чигээрээ дайрлаа. Нэг нам, нэг улс ч дааж чадахааргүй гүтгэлэг доромжлол, үзэн ядалт дунд чив чимээгүй байлаа. Жагсаал зохион байгуулсан гэж 9 сар хорьчихоод дахиад байлгах юм уу? Тамгатай, төртэй үлдэхийн тулд тавьж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Би энэ улсаас, нэг ч уурхайчнаас хулгай хийгээгүй. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй" гэж хэллээ.