"Улаанбаатарт нийтийн тээвэр хангалттай байгаа юу, Та автобус хүлээхгүйгээр шууд сууж чаддаг уу" гээд захын иргэнээс асуугаад үз, Ч.Батзориг дарга аа! Таны асуултад "хангалтгүй, байхгүй, үгүй" гэсэн хариулт л ирэх болно. Заавал асуухгүйгээр нүдээрээ харсан ч болно, өглөө автобус хүлээсэн хүмүүс буудлаар дүүрэн байгааг. Хүүхдээ хөтөлсөн, ажил, сургуульдаа яарсан хүмүүс автобус даган гүйлдэж, чихэлдэж байна.
Нөхцөл байдал ийм байхад Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Хувийнхаа машиныг унаж байгаа бол хүссэн хүсээгүй түгжирнэ. Харин нийтийн тээврийг илүү хүртээмжтэй болгоход анхаарч байна" гэж нийслэлчүүдийг тавлажээ.
Нийтийн тээвэр хэзээ хүртээмжтэй болох вэ?! Таныг хувийн унааг ад үзэж, машинтайгаа гарсан бол түгжирч л таараа хэмээн тавлаж байх хооронд хүйтний улирал ирлээ. Өвлийн хүйтэнд автобус хүлээх амархан гэж үү?
Ад үзэгдэн байж иргэд хувийн унаагаараа гарч байгаа шалтгааныг хэлүүлэх шаардлагатай юу? Автобус хүртээмжгүй учраас л түгжрээд ч хамаагүй унаатайгаа гарч байна. Дугаарыг нь хязгаарлаж, хориглоод байхад хүртэл өглөөний 08, үдшийн 20 цагтай уралдан эсвэл бүр торгуулаад машинтайгаа явж байгаагийн шалтгаан нь ердөө л нийтийн тээврийн хүртээмжгүй байдал шүү дээ. Автобусаа зөв зохион байгуулж, хүртээмжтэй болгочихоод хүний машин ад үзээрэй, Ч.Батзориг дарга аа!
Хөл дүүжлэх унаа чинь хүртээмжтэй байсан бол хэн ч түгжрэлд түүртэж, шатахуун шатаахгүй шүү дээ.
Б.Хэрлэн
Хувийнхаа машиныг унаж байгаа бол хүссэн хүсээгүй түгжирнэ. Харин нийтийн тээврийг илүү хүртээмжтэй болгоход анхаарч байна.
— Ч.Батзориг (@Batzorig0014) September 11, 2023
Уншиж байна |